Орост дайчлагдсан Умард Солонгосын 600 орчим цэрэг амь үрэгдсэн талаар БНСУ-ын тагнуулын алба мэдээллээ


БНСУ-ын тагнуулын албаны зүгээс Орост дайчлагдаж очсон Умард Солонгосын 4700 орчим цэрэг хохирол амссан талаар лхагва гарагт Үндэсний Ассамблейн гишүүдэд мэдээлжээ.

Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны зүгээс Оросын баруун хэсгийн Курскийн тулаанд дайтаж буй Умард Солонгосын цэргүүдийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хууль тогтоогчдод хаалттай байдлаар танилцуулсан бөгөөд энэ үеэрээ Украины эсрэг Оросын талд дайтаж байгаа Умард Солонгосын 4700 орчим цэрэг хохирол амсч, үүнээс 600 орчим нь амь үрэгдсэн болохыг парламентын хорооны хаалттай сонсголд сууж оролцсон Үндэсний ассамблейн гишүүн И Сён Кюн сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Түүний хэлснээр өнгөрсөн 1-р сараас 3-р сарын хооронд Умард Солонгосын шархадсан 2000 цэрэг онгоцоор болон галт тэргээр нутаг буцсан болохыг Үндэсний тагнуулын албаны зүгээс мэдээлжээ.

Мөн дайнд амиа алдсан Умард Солонгосын цэргүүдийг ОХУ-д чандарлаж, чандарыг нь нутаг буцаасан гэжээ. Түүнчлэн БНАСАУ-ын зүгээс ОХУ-д хоёр удаа цэрэг илгээсэн бөгөөд ойролцоогоор 15 мянга орчим цэрэг илгээснийг танилцуулсан байна. БНСУ-ын тагнуулын албаны тайланд мөн Умард Солонгосын цэргүүдийн дрон удирдаж ашиглах чадвар дээшилснээс гадна ОХУ-д цэргээ дайчилсныхаа хариуд БНАСАУ Оросоос дрон, байлдааны хүчирхэг систем, агаарын довтолгооноос хамгаалах пуужингууд, тагнуулын зориулалттай хиймэл дагуул хөөргөх технологи зэргийг хүлээж авсан гэж үзэж байгаа ажээ. Ийнхүү БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун “ОХУ-ын Курск мужийг Украины нео-нацистуудаас чөлөөлөх тулаанд дайчлан илгээхээр шийдсэн” тухайгаа энэ долоо хоногийн даваа гарагт албан ёсоор мэдэгдсэнээс хоёр өдрийн дараа БНСУ-ын тагнуулын алба Оросын талд дайтсан Умард Солонгосын цэргүүдийн талаарх тайлангаа танилцууллаа. Орост цэрэг дайчилснаа хүлээн зөвшөөрсөн Ким Жон Уны мэдэгдлийн дараагаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин мөн БНАСАУ-д талархал илэрхийлсэн мэдэгдэл хийж, амь биеэ үл хайрлан дайтсан явдлыг хэзээ ч мартахгүй хэмээн хэлсэн юм. Ким Жон Ун, В.Путин нар мөн хоёр улсын хооронд 2024 онд байгуулсан батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээний дагуу Умард Солонгосын цэргүүдийг ОХУ-д дайчилсныг хэлсэн бөгөөд тус гэрээнд аль нэг тал халдлага, дайралтад өртсөн тохиолдолд нөгөө тал тусламж үзүүлнэ гэсэн зүйл заалт багтан орсон байдаг байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *