BBC Sounds буюу Их Британийн Би-Би-Си агентлагийн харьяа цахим радио өнгөрсөн сарын дундуур Монголын үлэг гүрвэл судлаач, палеонтологич эрдэмтэн, доктор М.Болорцэцэгийг онцолж, ярилцлагын нэвтрүүлэгтээ урьж оролцуулан, түүний ажил мэргэжлийн талаар ярилцжээ.




Мөн палеонтологич Болорцэцэгийн талаарх богино нийтлэлдээ түүнийг анх говийн элсэн цөл дэх палеонтологийн малтлагын экспедицэд огт хоол хийж чаддаггүй хэрнээ тогоочийн хувиар оролцож байсныг онцолсон байна.
Түүний судалгааны ажлын ур чадвар удалгүй тодорч, ердөө ганцхан долоо хоногийн говийн элсэн цөлөөс 67 үлэг гүрвэлийн олдвор олж илрүүлж байжээ. Мөн тэрээр хууль бус, хулгайн замаар Монгол улсаас хил давуулан гаргасан 70 орчим үлэг гүрвэлийн олдворыг эх орондоо буцааж авчирсан бөгөөд энэ төрлийн хууль бус наймаатай тэмцэх ажлыг гүйцэтгэдэг байна.
Палеонтологич М.Болорцэцэг нь АНУ-д байршилтай Монголын үлэг гүрвэлийн судалгааны институт хэмээх ашгийн бус судалгааны байгууллагын захирал бөгөөд тэрээр тус байгууллагыг анх 2007 онд Монгол улсад байгуулж байсан бол 2016 онд АНУ-д ашгийн бус байгууллагаар бүртгүүлж байжээ.
Тус байгууллага нь Монгол Улсад геологийн шинжлэх ухааны боловсролыг бэхжүүлэх, Монголын чулуужсан олдворын өвийг хамгаалах, Монголын палеонтологийн шинжлэх ухааны салбарыг сурталчлах, Монголын палеонтологичдын хойч үеийг төлөвшүүлж, боловсруулах үндсэн зорилготой ажээ.
Доктор М.Болорцэцэг, ӨАБНУ-ын палеонтологич, доктор Анусуя Чинсами-Туран нартай хийсэн Би-Би-Си радиогийн ярилцлагыг https://bbc.in/3S0d7BC хаягаар сонсох боломжтой бөгөөд 4-р сарын 15-нд нийтлэгдсэн тус ярилцлага нэг жилийн хугацаанд байрших юм байна.