Үйлдвэрлэлийн ослын тоо жил бүхэн нэмэгдэж байна. Зөвхөн 2024 онд Монгол Улсад үйлдвэрлэлийн ослын 809 тохиолдол бүртгэгджээ. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс шалтгаалж нэг жилд 127 тэрбум төгрөгийн бодитой хохирол учирдаг байна. Иймд зохистой хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байрыг дэмжих нь нэн чухал байгаа юм.
Гэр бүлийн нэг хүн хөдөлмөрийн чадвараа алдахад тухайн айлын эдийн засаг, амьдралын чанар буурдаг. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 17 хувь буюу 224 мянган хүн өндөр эрсдэлтэй ажлын байранд ажилладаг. Энэ тоо ч цаашид нэмэгдэх хандлагатай байна.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах даатгалын тогтолцоо иргэн, ажил олгогч даатгуулагчийнхаа эрх ашгийг хамгаалдаггүй, ослоос урьдчилан сэргийлдэггүй аж.