Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхий сайд Хан Доксу үүрэгт албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрохоо мэдэгджээ.
Тэрээр пүрэв гарагт Сөүл хот дахь засгийн газрын ордонд ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болон ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэнийхээ дараа үүрэгт ажлаасаа огцрох товчхон ёслол хийгээд засгийн газрын ордонг орхин гарч явсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
Хан Доксугийн энэхүү алхмыг ажиглагчид түүнийг удахгүй явагдах ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. Орон нутгийн хэвлэлүүдээр мөн түүнийг БНСУ-ын 21 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө баасан гарагт албан ёсоор зарлах төлөвтэй байна хэмээн мэдээллээд байна.
Хан Доксу нь Өмнөд Солонгос улсын төр засгийн албанд 1970-2000 оны хооронд ажиллаж байснаас гадна мөн АНУ-д суух БНСУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын албыг хашиж байсан юм. Тэрээр саяхан импичментээр огцорсон БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын засаг захиргаа байгуулагдсан цаг үеэс эхлэн ерөнхий сайдын албыг хашиж, улмаар Юн Сок Ёлыг импичментээр огцруулахаар шалгаж эхэлснээс хойш ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгчээр давхар ажилласан билээ.
Сүүлийн үед явуулсан ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой судалгааны дүнгээр Хан Доксуг дэмжигчдийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд тэрээр эрх баригч Ард Түмний Хүч намын дэмжлэгийг авч, нэр дэвшигчээр тодрох боломж өндөр байгаа ажээ. Эрх баригч намаас энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах албан ёсны сонгон шалгаруулалтыг бямба гарагт явуулахаар болжээ.
Ийнхүү ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхий сайд Хан Доксу албан тушаалаасаа огцорсны дараа БНСУ-ын шадар сайд И Жү-хо ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болж байна. БНСУ-ын 21 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх 6-р сарын 3-ны өдөр явагдана.