Пүрэв гарагт ерөнхий сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон Хан Доксу БНСУ-ын 21 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ.
Тэрээр баасан гарагт хэвлэлийн бага хурал зохион байгуулж албан ёсоор ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөөр болсноо мэдэгдээд байна.
Хэвлэлийн бага хурлын үеэрээ Хан Доксу улс төрийн зөрчилдөөн, хагарал зэрэг нь улс орны үндэс суурийг ганхуулж байна гээд, “ямарваа нэгэн хариуцлагагүй улс төрийн маргаан, зөрчилдөөн улс орныг сүйрүүлэх ёсгүй” хэмээн хэлсэн байна.
Мөн тэрээр хэрвээ Өмнөд Солонгос улсын төрийн тэргүүнээр сонгогдвол нэн даруй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулах болно гэдгээ цохон тэмдэглэжээ. Хан Доксу хэлэхдээ, тэрээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хоёр дахь жилдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гурав дахь жилдээ ерөнхийлөгчийн сонгуулийг зарлан явуулсны дараа шууд огцрох болно гэсэн байна.
Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй импортын тарифын асуудлыг амжилттай шийдвэрлэнэ гэдгээ онцолжээ. Мөн өөрийгөө өмнө нь АНУ-д элчин сайдаар ажиллаж байсан гэдгээ онцолсон байна.
Эрх баригч Ард Түмний Хүч нам дотор Хан Доксу нэлээд дэмжлэг өндөртэй байгаа бөгөөд тус нам бямба гарагт ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигчээ албан ёсоор тодруулахаар болоод байгаа юм. Харин сөрөг хүчний Ардчилсан намаас тус намын дарга асан И Жэ Мюныг нэр дэвшигчээрээ сонгоод байгаа бөгөөд тэрээр төрийн тэргүүнээр сонгогдох хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдэж байгаа билээ.