Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ахиж өрсөлдөхгүй гэдгээ ням гарагт цацагдсан Америкийн NBC телевизийн “Meet The Press” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байна.
Сүүлийн үед түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд ахин өрсөлдөх тухай мэдээллүүд цацагдаж, улмаар хууль эрх зүйн шинжээч, мэргэжилтнүүд үүнийг нь АНУ-ын Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно гэж үзэж байгаа юм.
АНУ-ын Үндсэн хуулийн 22 дахь нэмэлт өөрчлөлтөд “АНУ-ын ерөнхийлөгчийн албанд нэг хүн хоёроос дээш удаа сонгогдох ёсгүй” хэмээн заасан байдаг байна. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд Конгрессын хоёр танхимын гишүүдийн 66-аас дээш хувийн дэмжсэн саналаас гадна тус улсын муж улсуудын засгийн газрын 75-аас дээш хувийн дэмжлэгийг авсан байх ёстой байдаг ажээ.
Гэвч Трампыг дэмжигчид Үндсэн хуульд хуулийн цоорхой байгаа учраас түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжтой гэж үзэж байгаа гэнэ.
Тэгвэл Д.Трамп дээрх ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би найман жилийн хугацаатай, хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллах л ерөнхийлөгч байх болно, маш олон хүн намайг 2028 онд ахин нэрээ дэвшүүлэхийг хүсэж байгаа ч би тийм зүйл хийхгүй” хэмээн хариулжээ.
Өөрийнхөө оронд Д.Трамп одоогийн дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио зэрэг хүмүүсийг дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх боломжтой хэмээн нэр дурьдсан байна.
Өдгөө 78 настай АНУ-ын төрийн тэргүүн өмнө нь өөрийгөө гурав дахь, дөрөв дэх бүрэн эрхийн хугацаанд ч ерөнхийлөгчөөр ажиллахыг хүсэж байгаа талаараа хэлж байсан бол дараагаар нь тэрээр үүнийгээ “худал мэдээлэл түгээдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг егөөдөж хэлсэн юм” хэмээн мэдэгдэж байсан юм.
Тэрээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт бичигдэж, ням гарагт цацагдсан дээрх ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ мөн түүний тарифын бодлогын улмаас АНУ-ын эдийн засаг агшиж буй явдлыг “энэ бол ердөө шилжилтийн үе, цаашаа эдийн засаг гайхалтай болох болно” хэмээн хариулцжээ. Мөн тэрээр “Гренланд арлыг авахын тулд цэрэг зэвсгийн хүчээ ашиглахыг үгүйсгэхгүй, Канадтай яриа хэлэлцээ явуулна” гээд, өөрийн засаг захиргааны цагаачдын эсрэг явуулж буй бодлогыг өмгөөлж хамгаалсан зүйлсийг ярьсан байна.
