АН-ын бүлгийн хурлаар тэд чуулганы үйл ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох уу, үгүй юу гэдэг асуудлыг хэлэлцэж байгаа. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан сайд нараа шахаж хавчиж байна гэсэн мэдээлэл яригдаад байгаа юм. Энэ талаар АН-ын дарга Л.Гантөмөрөөс тодрууллаа.
-УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газарт багтсан сайд нараа шахаж байгаа гэдэг яриа гарч байна. Энэ үнэн үү? Танай нам чуулганы үйл ажиллагаандаа эргэн оролцох уу?
-Миний хувь хүний байр суурь бол ажил үргэлжлэх ёстой. Гэхдээ тийм айхтар шахаж бариад байгаа зүйл байхгүй. Удахгүй бүлгийн хурал дуусахаар бүлгийн дарга шийдвэрээ танилцуулна.
-Тэгвэл сайд нар Засгийн газрын ажил, бүлгийн ажил тусдаа гэж үзэж байгаа хэмээн ойлгож болох уу?
-Үгүй. Бүлэг шийдвэрээ гаргаад, та бүхэнд танилцуулна. Ойлголцож болохгүй зүйл гэж байхгүй шүү дээ.
-Танай бүлэг Ерөнхий сайдыг уучлал гуйтал хуралдаа суухгүй гээд шийдчихвэл яах вэ?
-Би сая хэллээ шүү дээ. Ойлголцож болохгүй зүйл байхгүй. Ер нь УИХ-ын гишүүд чуулганы танхимд олон зүйл ярьдаг. Та бүхэн сүүлийн 30 жилийн УИХ-ын түүхийг харж байсан байх. УИХ-ын гишүүн чуулганы индэр дээр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Нэгийгээ хулгайчаар, тэр бүү хэл алуурчнаар ч дуудаж л байсан. Энэ бол Монгол Улсын парламентын гишүүний бүрэн эрх. Хоёрдугаарт, ойлголцохгүй зүйл байгаа бол ярилцаад цаашаа ажил явах ёстой.
-Та АН-ын даргын хувиар намынхаа гишүүнийг өмөөрөхгүй юү?
-Би Ардын намын гишүүдийг янз бүрээр өчнөөн л хэлж байсан. Цаашдаа ч хэлэх байх. Тийм учраас УИХ-ын гишүүн хүн гишүүнийхээ микрофоноор үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Би хамгаалж өмгөөлж байгаа зүйл байхгүй. Ойлголцол бий болох нь чухал. Та бүхэн өөрсдөөсөө асуу.
-Ж.Баярмаа гишүүн гомдсон уу. Эсвэл засаглал хоорондын асуудал уу?
-Засаглалын асуудал байхгүй.
-Ж.Баярмаа гишүүнээр далимдуулж, өөрсдөө асуудал босгоод байна уу?
-Далимдуулсан зүйл огт байхгүй.
-Та болсон процесст яг юу хэлэх вэ?
-Тэрийг УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо л ярих учиртай. Хэн нэгний ёс зүйн тухай би энд яриад зогсож байж болох уу? Тийм айхтар нөхцөл үүсээгүй. Гадна дотнын нөхцөл байдал сайнгүй байна. Ажилдаа анхаарах цаг гэж бид бодож байгаа. Хэн нэгний хэлсэн үгийг 2 долоо хоногийн хэрүүл болгоод байх цаг үе биш.
-Намын даргын хувьд намын гишүүнээ өмөөрөх үг танд алга уу? Янз бүрээр л буруутгаж байна.
-Манай хэвлэлийнхэн л асуудал болгоод байгаа болохоос биш сүртэй асуудал биш шүү дээ. Асуудалд холбогдсон хүнийг шарж иддэг нь хэвлэлийнхэн шүү дээ.
-Та бүлэгтэйгээ байр суурь нийлэхгүй байгаа гэж ойлгож болох уу?
-Наадах чинь мушгин гуйвуулалт байна. Би ажил явах ёстой л гэж хэлж байгаа.
-Баярлалаа.
