Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Бразилын Рио Де Жанейро хотын Копакабана эрэгт зохиогдсон дуучин Лэди Гагагийн тоглолтын үеэр үйлдэхээр төлөвлөсөн тэсрэх бөмбөгийн халдлагаас урьдчилан сэргийлж, зогсоож чадсан талаараа тус улсын цагдаагийн байгууллага мэдэгджээ. Рио Де Жанейро мужийн Иргэний цагдаагийн газар, Хуульзүйн яамтай хамтран ажиллаж, уг тоглолтын үеэр гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэлж, халдлага үйлдэхээр төлөвлөсөн этгээдийг өөр нэгэн өсвөр настны хамт баривчилсан талаараа мэдэгдээд байна.
Дээрх мэдэгдэлд сэжигтэн этгээдийг нийгмийн сүлжээнд нэр хүнд олж авахын тулд гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд хамтран оролцох хүмүүсийг элсүүлж байсан гэжээ. Түүнчлэн халдлагыг төлөвлөж байсан сэжигтнүүд нь өсвөр үеийнхний радикал үзэл, тэр дундаа өөрийгөө гэмтээх, хүчирхийллийн агуулга бүхий үзэл суртал сурталчилдаг хүмүүс байсан байна. Гол сэжигтэн этгээдийг Бразилын өмнөд нутгийн Рио Гранде-ду-Сул мужид хууль бусаар галт зэвсэг хадгалсан хэргээр баривчилсан бол мөн өсвөр насны сэжигтэнг хүүхдийн садар самуун бичлэг хадгалсан хэргээр Рио Де Жанейро хотноо саатуулжээ. Мөн сэжигтнүүдийн гэрээс тэсрэх бөмбөг хийхэд ашигладаг цахилгаан тоног төхөөрөмжүүд болон бусад эд зүйл хурааж авсан байна.
Цагдаа нар өсвөр настнуудын дунд дээр дурьдсан экстремист үзлийг цахим орчинд сурталчилдаг бүлэглэлүүдийг тагнах явцад дээрх халдлагын талаарх мэдээллийг илрүүлж, улмаар “Operation Fake Monster” хэмээх тусгай ажиллагаа явуулан, сэжигтнүүдийг баривчилжээ.
Америкийн дуучин Лэди Гагагийн баг уг халдлагын талаар тоглолтын маргааш өглөө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс л мэдсэн талаараа мэдэгдсэн байна. Лэди Гагагийн Копакабана эрэгт хийсэн тоглолт үнэ төлбөргүй байсан ба 2 сая гаруй хүн үзсэн гэсэн тоо гарчээ. Рио Де Жанейро хотын эдийн засгийг дахин сэргээх зорилгоор хотын захиргаанаас Лэди Гагаг урьж тоглуулсан аж. Энэ удаагийн тоглолтоос ойролцоогоор 100 сая ам.долларын орлого олно гэж төлөвлөсөн байна. Аюулгүй байдлын үүднээс тоглолтын үеэр 5000 цагдаа ажиллажээ.
Дуучин Лэди Гага хамгийн сүүлд 2012 онд Бразил улсад тоглож байсан бол энэ удаад тэрээр өөрийнхөө найм дахь бүрэн хэмжээний цомог болох “Mayhem” цомгоо сурталчилж буй аялан тоглолтынхоо хүрээнд 13 жилийн дараа тус улсад ахин ирж, тоглоод байна.
