Казахстан асуугаад, Монгол нуугаад шийдчихлээ


Монгол Улсын Дорнод аймаг дахь Мардайн ураны бүлэг ордоос ОХУ-ын “Рос-Атом” компани уран олборлох нь тодорхой боллоо. Тус компани манай улсаас уран олборлохоор сүүлийн 2 жилд санал тавьж буйг “Мон-Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргал хүлээн зөвшөөрөв. Засгийн газар хоорондын хамтарсан комисс хуралдах бүрт ОХУ энэ саналаа тавьдаг аж. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2024.09.03-нд Монгол Улсад айлчлахдаа уг саналаа бататгажээ. Тэрээр анх удаа ийм санал тавьж байгаа юм биш. 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев манайд айлчлахдаа В.Путиний энэ саналыг тээж ирсэн юм. Тэд Дорнодын ураны бүлэг ордгы хамтран эзэмших “Дорнод-Уран” ХХК байгуулахаар манай эрх баригчдыг олон жил шатсан.

Дорнод аймагт Мардай, Нэмэр, Гурванбулаг, Дорнод гэсэн ураны 4 бүлэг орд бий. Эдгээр орд нийт 48 мянган тн урантай. Үүний 28.868 тонн нь Дорнод ордынх. Тэгвэл Дорноговийн Зөөвч-Овоо, Дулаан-Уул орд 93 мянган тн урантай. 2 дахин бага нөөцтэй ч ураныг бага гэж басаж болохгүй. Учир нь 1 кг уранаас гаргаж авах цахилгаан 10-15 вагон нүүрс шатаан гаргаж авах цахилгаантай тэнцэнэ. Тиймээс ч Мардайг оросууд ашиглахыг хүсэж байна.  

53.807 га талбайг хамрах Мардай, Дорнод, Гурванбулагийн ордыг Монгол, Оросын хамтарсан судалгааны баг анх илрүүлж, Дорнод ордын хоёрдугаар хүдрийн биетээс 1988-1995 онд ураны 0,109%-ийн агуулгатай 490.6 мянган тонн хүдэр олборлож, ОХУ-ын Чита мужийн КраснокаменскийнГгидрометаллургийн үйлдвэрт бо­ловс­руулж байжээ. Үүнийгээ дахин ашиглахыг оросууд хүсэж байгаа юм. 1998 онд Монгол, Орос, Канад улс хамтран, “Төв Азийн уран” компани байгуулж, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас Дорнодын ураны ордыг ашиглах 237А дугаартай тусгай зөвшөөрөл авсан юм.
“Төв Азийн уран” компанийн 21%-ийг Монголын “Мон-Атом” компани, 21%-ийг Оросын “Атомред метзолото” компани, 58%-ийг “Хан Вермуда” гэх охин компаниараа дамжуулан, Канадын “Хан ресурс” ком­пани эзэмшдэг байв. Гэвч энэ ордыг сайн мэдэх оросууд Канадтай хамтрахыг хүсээгүй. Ингээд манай улсад элдэв аргаар шахалт үзүүлэн, Канадыг хамтралаас гаргуулсан юм. 2007 онд Ашигт малтмалын хуулийн дагуу төрийн зардлаар хайгуул хийсэн ордуудыг стратегийн жагсаалтад хамруулж, уг жагсаалтад Дорнод, Мардай, Гурванбулагийн ураны ордыг багтаасан. Ингээд манай Зас­гийн газар канадуудаас “Төв Азийн уран” компанийн 22%-ийг, оросуудаас 8%-ийг нь авч, “Мон-Атом”-ын эзэмшлийг 51% болгосон. Энэ бол тухайн үедээ маш сайн өнгөлөн далдлалт байлаа.  

УИХ 2009 онд Цөмийн энергийн хуу­ль баталж, ураны орд газруудын тусгай зөвшөөрлийг цэгцлэх нэрээр “Төв Азийн уран” компанийн лицензийг цу­цаллаа. Улсын мэргэжлийн хяналтын газраар тус компанид шалгалт хийлгэж, “Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн, нөхөн сэр­гээлт хийгээгүй” гээд л тусгай зөвшөөрлийг нь хураачхав. “Төв Азийн уран”-ы 36%-ийг эзэмшигч канадууд Олон улсын арбитрын шүүхэд хандаж, Монголын Засгийн газраас 285 сая ам.долларыг нэхэмжилж 2015 онд заргаа авсан юм. Канадууд Монголын Засгийн газраас 100 сая долларын нөхөн төлбөр гаргуулсан.  

Тэр хооронд Дорнодын ураны ордуудыг ашиглахаар 2009 оноос хойш Монгол, Оросын Засгийн газар хоорондоо 4 удаа хэлэлцээр хийж, санамж бичиг байгуулжээ. 2024 оны 6-р сард ОХУ-ын “Рос-Атом” компани Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээсэн юм. Өнөө жил хайгуулын компани байгуулж, УБЕГ-т бүртгүүлэхээр шамдаж байна. Бид Оросын нефтиэс бүрэн хамааралтай. Энэ бол манай сул тал. Үүгээр маань барьцаалан ОХУ ураны ордуудыг маань гартаа оруулж байгаа нь энэ.

Зөөвч-Овоо ордын ураныг францууд газар доор уусган олборлох аргаар олборлож байгаа бол оросууд Дорнодын ураныг далд аргаар олборлох юм байна. Тэд хоёулаа шар нунтаг гаргаж аваад, түүнийгээ өөр өөрийн улс руугаа эсвэл худалдан авагч руугаа зөөнө.

Шинэ Хархорум хотод “Рос-Атом” компани атомын бага оврын цахилгаан станц байгуулах санал тавьж, санамж бичиг байгуулсан юм. Гэхдээ одоогоор АЦС барих, санхүүжүүлэх талаар ямар ч ажил эхлээгүй, гэрээ байгуулаагүй гэнэ. Манай улс АЦС-тай болох шийдвэр одоогоор гаргаагүй. Эрх баригчид магадгүй шийдвэр гаргасан ч байж болох. Гэхдээ зарлаагүй байна.  

Бага оврын АЦС 350 МВт болон түүнээс доош хүчин чадалтай байдаг. Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков 2024 оны 10-р сард “Известия” сонины сэтгүүлчид “Хархорумд 330 МВт хүчин чадалтай АЦС барихаар Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлахдаа харилцан ойлголцолд хүрсэн. Талууд Засгийн газар хоорондын гэрээний төсөл боловсруулахаар тохирсон” гэж ярьсан байлаа. Энэхүү гэрээнд энэ 7 хоногт 2 улсын Засгийн газар Москвад гарын үсэг зурах бололтой. В.Путины урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 5-р сарын 9-нд Москвад айлчилж, Улаан талбайд болох Ялалтын баярт оролцоно. Хархорумд оросууд АЦС барих асуудал энэ үеэр шийдэгдэх нь ээ.

АЦС-ын ТЭЗҮ-ийг “Рос-Атом” компани хэдийнэ бэлэн болгосон тухай Оросын хэвлэлүүд 2024 онд мэдээлсэн. Өнгөрсөн хугацаанд санхүүжилт, техникийн нөхцөлөө тохирч, мэргэжилтнүүдээ бэлтгэж эхэлсэн байна.

Казахстан улс АЦС байгуулах асуудлаар 2024.10.06-нд ард нийтийн санал асуулга явуулсан бол Монголын эрх баригчид Дорнодын ураны бүлэг ордыг оросуудад өгснөө, Оростой хамтарч АЦС байгуулах тухайгаа олон нийтээс нууж, хөшигний цаана нууцхан шивнэлдсээр, бүх асуудлаа шийдчихжээ. Казахстаны Эрчим хүчний яам 10-12 тэрбум ам.доллароор Алма-Ата мужийн Жамбыл дүүргийн Улькен тосгонд барих уг АЦС-ыг бариулахаар Хятадын CNNC, БНСУ-ын KHNP, ОХУ-ын “Рос-Атом”, Францын EDF зэрэг компанийг судалсан юм. Тэд судалж сонгож болж байхад бидэнд ямар ч сонголт алга уу?

Цөмийн судалгааны 2 хүрээлэн, цөмийн 1800 гаруй мэргэжилтэн,  судалгааны 3 реактор, Японы захиалгаар Фукушимагийн АЦС-ын гэмтсэн реакторын дотор явагдах процессын загварыг тодорхойлох судалгаа хийсэн, АЦС-ын түлш үйлдвэрлэдэг Казахстан улс АЦС байгуулах асуудалд ингэж хандаж байхад бид арай л биш юм биш үү?


2 responses to “Казахстан асуугаад, Монгол нуугаад шийдчихлээ”

  1. АЦС баривал маш их ус шаардлагатай даа, энийгээ бодолцсон байлгүй дээ

  2. Орос улсаар хийлгэх нь зөв юм уу буруу юм уу уран олборлохыг оросоор хийлгэх нь бас зөв үү буруу юу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *