Тэрбумтан Элон Маскын SpaceX компанийн үйл ажиллагаагаа явуулдаг Техас мужийн өмнөд захын хэсэг газар нутагт албан ёсоор Starbase хэмээх нэртэй хот байгуулахаар болжээ.
Оршин суугчид өнгөрсөн бямба гарагт болсон санал асуулгаар тухайн хэсэг газрыг шинэ хотын захиргаа болгон нэгтгэхийг зөвшөөрсөн бөгөөд санал асуулгад оролцох эрхтэй 283 оршин суугчийн ихэнх нь тэнд ажиллаж, амьдардаг SpaceX компанийн ажилтнууд байсан байна.
Техас мужийн Камерон тойргийн албаны зүгээс санал асуулгын дүн цахимаар нийтэлсэн байна. Санал асуулгын дүнгээр шинэ хот байгуулахыг 212 хүн дэмжсэн бол 6 хүн эсрэг санал өгчээ. Үүний дараагаар тэрбумтан Элон Маск “Техас мужийн Starbase одоо жинхэнэ хот боллоо” хэмээн өөрийн Х хуудсандаа бичжээ.
Starbase хот нь 5000-аас доош оршин суугчтай, С зэрэглэлийн жижиг хот байх юм байна.
SpaceX компани тухайн үедээ хүн ам сийрэг суурьшсан, Техас мужийн өмнөд хэсгийн 3.9 км хавтгай дөрвөлжин талбай бүхий хэсэг газрыг 2012 онд худалдан авч байсан байсан бол тэр цаг үеэс хойш компанийн ажилчдын байр байшин болон компанийн барилгууд олон тоогоор баригдаж, мөн Элон Маск ч өөрөө амьдрах болсон юм.
Мөн тус жижиг хотод Элон Маскын аварга том хөшөө болон Memes Street нэртэй автозам зэрэг тэрбумтантай холбоотой олон зүйлс байдаг байна.
Starbase хотын анхны даргаар SpaceX компанийн дэд ерөнхийлөгч Бобби Педен томилогдон ажиллахаар болсон байна. Тэрээр ямар ч өрсөлдөгч болон эсэргүүцэлгүйгээр хотын даргаар томилогдсон бөгөөд хотын засаг захиргаа нь төлөвлөлт, татвар болон орон нутгийн бусад асуудлыг хариуцах эрх бүхий хотын дарга, хоёр комиссараас бүрдэх гэнэ.
Одоогийн байдлаар Техас муж улсын хууль тогтоох байгууллагаар хэлэлцэгдэж буй хуулийн төсөл батлагдсан тохиолдолд SpaceX компанийн сансрын пуужин хөөргөх болон бусад томоохон үйл ажиллагаануудын үеэр хотын ойр байрлах Бока Чика далайн эргийн наран шарлагын газар, мужийн цэцэрлэгт хүрээлэн зэргийн ойр орчмын хурдны автозамыг хааж, хязгаарлах арга хэмжээ авах эрхийг шинэ хотын удирдлагууд эзэмших юм байна.
Харин байгаль хамгааллын байгууллагууд SpaceX компанийн хүрээлэн буй орчинд үзүүлж буй хор хөнөөлийг эсэргүүцдэг бөгөөд тус компанийг гэрлийн бохирдол болон сансрын пуужингийн хог хаягдлаар ойр орчмоо бохирдуулдаг хэмээн буруутгадаг ажээ. Өнгөрсөн жил л гэхэд тус компани их хэмжээний бохир ус зөвшөөрөлгүй асгасныхаа төлөө 150 мянган ам.долларын торгууль төлж байсан юм.
