Улиастай-Алтай, Арцсуурь-Түдэвтэй чиглэлд авто зам тавьж эхэллээ. Энэ замыг Зам, тээврийн яамны захиалгаар БНХАУ-ын “Чайна жиангсу интернэшнл экономик энд техникал порпорэйшн” компани тавьж байна. Санхүүжилтийг нь улсын төсөв болон Азийн хөгжлийн банк “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд шийдвэрлэжээ.
Улиастай-Алтай чиглэлийн 178 км авто замыг Алтай, Улиастай гэсэн 2 талаас зэрэг тавьж эхэлжээ. Алтайгаас өнөө жил Тайшир сумаар дайруулан, Улиастай хүртэл 60 км зам тавина. Ингэснээр Тайшир сум засмал замаар аймагтайгаа холбогдох юм.

Улиастай талаас эхэлж буй замаас өнөө жил Цагаанхайрхан сумаар дайруулан, 40 км-ыг тавьж эхэллээ. Завханы Цагаанхайрхан, Цагаанчулуут, Завханы Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат сумыг энэхүү хатуу хучилттай авто замд холбох юм байна.
Алтай-Улиастайн замыг 2028 онд ашиглалтад оруулна. Үүгээр БНХАУ болон ОХУ, Ази болон Европыг холбосон авто замын 3 дахь коридор бий болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумыг Улиастай-Алтай чиглэлийн хатуу хучилттай авто замд холбох ажил саяхан эхэлсэн.

Мөн энэ зун Ховд-Улаангом чиглэлд авто зам тавьж эхэлнэ. Үүний зэрэгцээ Ховд-Улиастай, Алтай-Бургастай чиглэлд тавих авто замын ТЭЗҮ-ийг боловсруулахаар Зам, тээврийн яам төлөвлөжээ.
Одоогийн байдлаар баруун бүсийн 26 сум хатуу хучилттай авто замтай аж. Үүнийг ойрын жилүүдэд 52 болгож нэмэх юм. Цаашдаа Завхан, Баянхонгор, Хөвсгөл аймгийг хатуу хучилттай авто замаар холбож, авто замын 4 дэх коридор үүсгэх юм байна. Үүнд 400 сая ам.доллар шаардлагатай аж.