Израилын Pасгийн газар Хамас бүлэглэлийн эсрэг цэрэг, дайны ажиллагаагаа өргөжүүлэн эрчимжүүлж эхлэх шийдвэрт хүрснийг тус улсын ерөнхий сайд Беньямин Нэтаньяху даваа гарагт албан ёсоор мэдэгдлээ.
Шинээр батлагдсан төлөвлөгөөнд Хамас бүлэглэлийг бүрмөсөн устгаж, үлдсэн барьцааны хүмүүсийг аварч суллахаас гадна Газын зурвасыг “булаан эзлэх”, газар нутгийг нь хяналтандаа авч, 2.1 сая оршин суугчийг хамгаалахын тулд Газын зурвас дотор өөр байршил руу нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээнүүд багтжээ.
Израилын зэвсэгт хүчний албаныхны зүгээс мэдэгдсэнээр, Газын зурвасын хойд хэсгийн оршин суугчдыг өмнөд хэсэг рүү нүүлгэн шилжүүлж, Хамасын дайчдаас энгийн иргэдийг ялгаж салгах болно гэжээ.
Израилын засгийн газар мөн хүмүүнлэгийн тусламжийн ачаа барааг хувийн хэвшлүүдээр дамжуулан Газын зурваст хүргэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, хувийн хамгаалалтын компаниуд болон олон улсын байгууллагуудаар дамжуулан хүнсний тусламжийг айл өрхүүдэд шууд тараахаар төлөвлөжээ.
НҮБ болон бусад тусламжийн байгууллагууд Израил улсын дээрх шинэ төлөвлөгөөг хүмүүнлэгийн үндсэн зарчмуудыг зөрчсөн үйлдэл болно хэмээн мэдэгдэж, тус улстай хамтран ажиллахгүй гэсэн байр сууриа илэрхийлээд байна.
Харин Хамас бүлэглэлийн зүгээс Израилын шинэ төлөвлөгөөг эрс эсэргүүцэж, “дарамт шахалт, айлган сүрдүүлэлт” бүхий тус төлөвлөгөөг няцааж байгаагаа мэдэгдэв.
Хамасын эсрэг байлдааны ажиллагааг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын ирэх долоо хоногт Ойрхи Дорнодод хийх албан айлчлалын дараагаар эхлүүлэхээр төлөвлөсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Д.Трамп энэ сарын 13-аас 16-ны хооронд бүс нутгийн Саудын Араб, АНЭУ, Катар улсуудаар айлчлахаар болоод байгаа бөгөөд түүний айлчлалын үеэр Хамаст шинээр гал зогсоох хэлэлцээр байгуулах болон барьцааны хүмүүсийг суллах “ганц олдох боломж” нээгдэж магадгүй хэмээн хэлсэн байна.
Израилын хэвлэлүүдэд мэдээлснээр, дээрх төлөвлөгөөний эхний шатанд Израилын зэвсэгт хүчин Газын зурваст илүү их газар нутгийг эзлэн авч, түүнчлэн хилийн дагуу үргэлжилсэн “буфер” бүсийг улам өргөтгөснөөр шинэ гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээрийн талаар Хамастай яриа хэлэлцээ хийхэд Израильд нэмэлт хөшүүрэг өгөх зорилготой гэжээ.
Анх 2023 он 10-р сарын 7-нд Хамас бүлэглэл Израилын хилээр гэнэт халдан довтолж, 1200 орчим хүнийг хөнөөж, 251 хүнийг барьцаанд авч байсан бол тэр цаг үеэс эхэлсэн Израил-Хамасын дайнд өнөөдрийн байдлаар 52,567 хүн Газын зурваст амь үрэгдээд байгаа талаар тухайн бүс нутгийн эрүүл мэндийн яамны зүгээс мэдээлж байна.