Японы өмнөх эзэн хаан Акихито зүрхний шинжилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтлээ


Өдгөө 91 настай Японы өмнөх эзэн хаан Акихито зүрхний шинжилгээ хийлгэхээр мягмар гарагт эмнэлэгт хэвтэнэ гэдгийг Японы эзэн хааны гэр бүлийн асуудал хариуцсан албаны зүгээс мэдэгджээ.

Тус мэдэгдэлд Акихитог өнгөрөгч сарын дунд хүртэл эзэн хааны өрхийн эмнэлэгт тогтмол үзлэгт хамрагдаж байсан бөгөөд түүнд зүрхний булчингийн ишеми байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн гэжээ. Энэхүү нөхцөл байдал нь титэм артериас зүрхний булчинд цусны урсгал хангалтгүй очих үед үүсдэг байна.

Хэдийгээр цээж өвдөх гэх зэрэг шинж тэмдэг түүнд илрээгүй ч дахин үзлэг хийсний дараа түүнд зүрхний ишеми үүсэх магадлал өндөр байгаа гэдгийг өнгөрсөн ням гарагт оношилсон байна.

Албаны мэдэгдэлд Акихитог Токиогийн их сургуулийн эмнэлэгт хэвтүүлж, нарийвчилсан шинжилгээнд оруулна гэжээ. Хаан ширээгээ хүүдээ шилжүүлэн өгч, чөлөөндөө гарсан Акихито 2012 онд 78 настай байхдаа зүрхний титэм судасны мэс засалд орж байсан юм.

Мөн тэрээр 2022 оны 7-р сард баруун зүрхний дутагдалтай гэж оношлогдож, тэр цаг үеэс хойш зүрхний эм ууж, шингэний хэрэглээгээ хязгаарлаж эхлэсэн ажээ.

Акихито зүрх судасны мэс засал хийлгэснээс хойш долоон жилийн дараа буюу 2019 онд хаан ширээнээс өөрийн хүсэлтээр бууж, хүү Нарүхитод хаан ширээгээ залгамжлуулж байсан билээ.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *