Пуужингийн довтолгоо эсэргүүцэгч хоёр ширхэг Patriot системийг Украинд нийлүүлнэ


АНУ-д үйлдвэрлэсэн, пуужингийн довтолгоог эсэргүүцэгч Patriot системийг Израилаас Украинд шилжүүлэн хүргэхээр болсон байна. Энэ талаар Америкийн “The New York Times” сонин өнгөрсөн ням гарагийн дугаартаа мэдээлжээ.

Дээрх мэдээлэлд Вашингтон дахь албаны эх сурвалжуудыг дурьдсан бөгөөд үүний дараагаар мөн Герман, эсвэл Грек улсаас дахин нэг Patriot системийг Украинд илгээх тухай яриа явагдаж байгааг онцолсон байна.

Ийнхүү АНУ-ын зүгээс Украин улсад ахин хоёр системийг илгээснээр тус улс нийт 10 ширхэг пуужингийн довтолгоо эсэргүүцэгч Patriot системтэй болох гэж байна. Харин энэ удаагийн нэмэлт хоёр системийн шилжүүлгийг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп зөвшөөрсөн эсэх тал дээр албаны эх сурвалжууд хариулахаас татгалзжээ.

Д.Трамп ирэх долоо хоногт Ойрхи Дорнодын гурван улсад албан ёсны төрийн айлчлал хийхээр болсон бөгөөд түүнийг айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзаж, хэлэлцээ хийж магадгүй гэсэн таамаг гараад байгаа юм.

Гэсэн хэдий ч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Трампын Ойрхи Дорнодод хийх айлчлалын үеэр ОХУ-ын ерөнхийлөгчийг тухайн бүс нутагт айлчлахгүй гэдгийг мэдэгдсэн байна. Гэхдээ тэрээр ОХУ яриа хэлэлцээг үргэлжлүүлэн явуулах хүсэлтэй байгаа гэдгийг нэмж хэлсэн байна.

Д.Песков хэлэхдээ, “Хоёр улсын удирдагчдын уулзалт маш өндөр дээд түвшний бэлтгэл хангагдсан үед л явагдах ёстой. Үүний тулд Москва, Вашингтоны харилцаа тасралтгүй үргэлжилсээр байх шаардлагатай” гэжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мөн хоёр тал хэдийнээ харилцаа холбоо тогтоогоод байгааг дурьдсан байна. 

ОХУ сүүлийн үед АНУ-ын гал зогсоох хэлэлцээрт зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа явдлыг үргэлжлүүлэхийг эрмэлзэж байгаагаа олон үйлдлээр харуулж байгаа бол Украины зүгээс үүнийг нь Оросын жинхэнэ зорилго, зорилт биш гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *