ХБНГУ-ын Канцлерын сонгуульд Фридрих Мерц ялалт байгууллаа


Мягмар гарагт явагдсан ХБНГУ-ын Канцлерын сонгуульд Христийн ардчилсан нам болон Христийн социал холбоо намуудын хамтран байгуулсан эвслийн тэргүүн Фридрих Мерц ялалт байгуулжээ.

Тэрээр Бундестаг буюу ХБНГУ-ын парламентад явагдсан Канцлерыг сонгох хоёр удаагийн санал хураалтын үр дүнд ийнхүү сонгогджээ.

Нийт 630 суудалтай парламентын 316 гишүүний саналыг цуглуулах шаардлагатай байснаас тэрээр эхний нууц санал хураалтаар 310 гишүүний дэмжсэн саналыг авсан нь хангалтгүй байсан байна.

Фридрих Мерц хоёр дахь удаагийн санал хураалтаар 325 гишүүний саналыг авснаар ХБНГУ-ын шинэ Канцлераар сонгогдсон байна. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи тус улсын түүхэнд эхний санал хураалтаар Канцлераар сонгогдож чадаагүй анхны тохиолдол болжээ.

Санал хураалтын дараа Ф.Мерц парламентын ордны ойролцоох Беллевью ордонд хүрэлцэн очиж, улмаар ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк Вальтер-Штайнмайер түүнийг Канцлерын албан тушаалд албан ёсоор нэр дэвшүүлсэн байна.

Дараагаар нь тэрээр Рейхстагийн ордонд ирж, тангараг өргөснөөр дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи ХБНГУ-ын 10 дахь Канцлер боллоо.

Түүний тэргүүлсэн консерватив эвсэл өнгөрөгч 2-р сард явагдсан нэгдсэн сонгуульд нийт саналын 28.5 хувийг дангаараа цуглуулж, ялалт байгуулсан ч олонхын засгийн газар байгуулахад ахин өөр намтай эвсэж хамтрах шаардлага тулгарсан бөгөөд энэ долоо хоногийн даваа гарагт Социал демократ намтай эвсэх тохиролцоонд хүрч чадсан юм.

Тохиролцооны дагуу гурван намаас бүрдсэн эвслийн засгийн газар компани, аж ахуй нэгжийн татварыг бууруулж, эрчим хүчний үнэ ханшийг буулгаснаар эдийн засгийн өсөлтийг дэмжих төлөвлөгөө боловсруулснаас гадна Украин улсад үзүүлэх дэмжлэг, туслалцаагаа зогсолтгүй үргэлжлүүлэхээ амласан байна. Мөн түүнчлэн шинэ Канцлерт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын худалдаа, тарифын бодлогыг сөрөх, дотооддоо цагаачдын эсрэг үзэл баримтлал бүхий хэт барууны улс төрийн нам болон үзэл суртал өсөн нэмэгдэж буй явдал зэрэг олон сорилттой нүүр тулах нь дамжиггүй юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *