Энэтхэг улс газар нутгийн маргаантай Кашмирын бүс нутаг дахь Пакистаны хяналтаа тогтсоосон хэсгийн есөн байршилд пуужингийн цохилт үзүүлээд байна.
Энэтхэгийн батлан хамгаалах яамны зүгээс лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ “Энэтхэг улсын эсрэг чиглэсэн террорист халдлагыг төлөвлөн, зохион байгуулсан яг тэрхүү террористуудын дэд бүтцийг онилж цохилт үзүүллээ” хэмээн тодотгосон байна.
Энэтхэгийн пуужингийн цохилтын улмаас Пакистаны хяналтаа тогтоосон Кашмирын бүс нутгийн Музаффарабад хотод 7 хүн амь үрэгдсэний дотор 2 хүүхэд багтсан талаар Пакистаны зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Ахмед Шариф мэдээлжээ.
Энэ нь өнгөрөгч сард Кашмирын бүс нутгийн Энэтхэгийн хяналтаа тогтоосон хэсэгт гарсан 26 хүн амь үрэгдсэн (дийлэнх нь Энэтхэгийн дотоодын жуулчид) террорист халдлагын хариуд Пакистанд үзүүлж буй цохилт бөгөөд тэрхүү халдлагын цаана Пакистан улс байсан гэж буруутгасан юм.
Тэрхүү халдлагаас хойш хоёр хөршийн хооронд хурцадмал байдал үүсээд байгаа ба Пакистаны зүгээс дээрх халдлагад буруугүй хэмээн мэдэгдсээр байгаа билээ.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Энэтхэгийн үзүүлсэн цохилтод харамсч буйгаа илэрхийлж, “энэ зөрчилдөөн хурдан дуусна гэж найдаж байна” хэмээн хэлсэн байна.
НҮБ-ын ЕНБД А.Гутерришийн хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик “А.Гуттерриш Энэтхэгийн зэвсэгт хүчний явуулж буй ажиллагаанд үнэхээр их санаа зовниж байна, тэрээр хоёр улсыг дайтахгүй байхыг шаардаж, Энэтхэг, Пакистаны хоорондох цэргийн сөргөлдөөнийг дэлхий дахин тэвчиж чадахгүй” хэмээн мэдэгджээ.
Олон улсын шинжээч, ажиглагчдын зүгээс ч мөн цөмийн зэвсэгтэй дээрх хоёр улсын зөрчилдөөнийг намжааж, цааш нь даамжруулахгүйн тулд томоохон хэмжээний дипломат арга хэмжээ шаардлагатай гэдгийг онцлоод байна.
Кашмирын бүс нутгийг Энэтхэг, Пакистан хоёр улс бүхэлд нь өөрсдийн газар нутаг хэмээн нэхэмжилж, олон арван жилийн турш зөрчилдсөөр ирсэн юм.