Лхагва гарагт католик шашны шинэ тэргүүнийг сонгох эхний нууц санал хураалт Ватиканд зохион байгуулагдлаа. Санал хураалтын эхний өдрийн өглөө Гэгээн Петрийн талбайд олон арван мянган хүн цугларсан байна.
Үүрийн 05:45 цагт Систинийн сүмд цугларсан кардиналуудын нууц санал хураалтын дүн 3 цаг гаруйн дараа гарсан байна.
Орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөөний 9 цагийн орчимд Систинийн сүмийн дээвэр дээрх яндангаас хар утаа суунагласнаар эхний өдрийн санал хураалт амжилтгүй болсныг гадна хуран цугларсан олон нийт болон дэлхий дахинд мэдээлсэн байна.
Өөрөөр хэлбэл дараагийн Ромын Папыг сонгох санал хураалтад оролцож буй, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 133 кардинал эхний өдрөө нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна.

Ийнхүү эхний өдрийн санал хураалтас үр дүн гараагүй учраас пүрэв гарагийн өглөө дахин санал хураахаар католик шашны кардиналууд Систинийн сүмд цугларахаар болоод байна. Хэрвээ пүрэв гарагийн эхний санал хураалтаар үр дүн гарахгүй бол ахин 3 удааг санал хураалтыг явуулах болно.
Энэ мэтчилэн 133 кардиналын 66%-иас дээш саналыг аль нэг нэр дэвшигч авч, эцсийн үр дүн гарч, шинэ Ромын Папыг тодруулах хүртэл өдөр бүр өглөө хоёр удаа, үдээс хойш хоёр удаа санал хураах ажээ.
Энэ удаагийн кардиналуудын чуулганд Ази, Африк, Төв болон Өмнөд Америк гээд олон бүс нутгийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцож байгаагаас гадна Ази, Африкийн бүс нутгаас дараагийн Ромын Пап тодорч магадгүй байгаа тул католик шүтлэгтнүүд болон дэлхий нийтээрээ энэхүү санал хураалтын үйл явцад анхаарлаа хандуулж байгаа билээ.