Хамас бүлэглэл Газын зурваст гал зогсоох хүчин чармайлтын хүрээнд Израил гаралтай АНУ-ын иргэнийг суллахаар болов


Хамас бүлэглэлийн зүгээс Газын зурваст гал зогсоох тохиролцоог байгуулах хүчин чармайлтын хүрээнд Газын зурваст тус бүлэглэлийн барьцаанд байгаа хамгийн сүүлчийн амьд АНУ-ын иргэн болох израил гаралтай Эдан Александрыг суллана гэдгээ мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Ойрхи Дорнодод хийх айлчлал мягмар гарагт эхлэхийн өмнө ийнхүү Хамас бүлэглэлийн зүгээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Израил гаралтай АНУ-ын иргэнийг сайн санааны үүднээс суллахаар болсноо АНУ-ын айлчлалын өмнө мэдэгдэхийг хүссэн гэдгийг Палестины өндөр албан тушаалтан Би-Би-Си агентлагт мэдээлжээ.

Хамас бүлэглэл мөн дээрх шийдвэрээрээ Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх шинэ гэрээ байгуулах хүсэлтээ байгаагаа илэрхийлэв. Израилын тал сүүлийн 70 хоногийн хугацаанд Газын зурваст нэвтрүүлэх хүмүүнлэгийн тусламжийг хаан, зогсоогоод байгаа билээ.

Түүнчлэн Хамас бүлэглэл Катар улсад АНУ-ын засаг захиргааны дипломат төлөөлөгчидтэй шууд яриа хэлэлцээ явуулж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээллээд байна. Түүнчлэн Эдан Александрыг суллах үеэр Газын зурваст явуулж буй Израилын цэргийн хуурай газрын болон агаарын ажиллагааг түр зогсоох үйл явцын талаарх тусдаа яриа хэлэлцээг даваа гарагт явуулна гэдгийг мэдээлжээ.

Өдгөө 21 настай, Израил гаралтай АНУ-ын иргэн Эдан Александрыг суллах талаар АНУ-аас мэдээлэл авсан болохыг Израилын ерөнхий сайдын албанаас мөн мэдэгдсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформд Эдан Александрыг суллахаар болсон талаар нийтэлж, Хамас бүлэглийн энэхүү шийдвэрийг “сайн санааны үүднээс хийж буй алхам” гэжээ.  

Хамасын барьцаанаас суллагдахаар болоод буй Эдан Александр нь Израилын Тель Авив хотноо мэндэлж, АНУ-ын Нью Жерси хотод өссөн бөгөөд 2023 оны 10-р сарын 7-ны өдрийн Хамасын гэнэтийн довтолгооны үеэр тэрээр Газын хил дагуу байрлаж байсан Израилын элит цэргийн хүчинд зүтгэж байхдаа олзлогдон барьцаалагдсан ажээ.

Тухайн үед барьцаалагдсан 251 хүнээс одоогийн байдлаар 59 хүн Хамасын барьцаанд байгаа ба тэдний 24-ийг нь амьд байгаа гэж үзэж байгаа юм. Түүнчлэн Хамасын барьцаанд үлдсэн АНУ-ын 5 иргэний цорын ганц амьд байгаа нь Эдан Александр гэгдэж байгаа юм.

Харин Израил-Хамасын дайн эхэлснээс хойш Газын зурваст 52,829 хүн амь үрэгдээд байгаа талаар Газын эрүүл мэндийн яамнаас мэдээллээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *