6-р сарын 3-ны өдөр явагдах Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын эрх баригч Ард түмний хүч намаас Ким Мүн Сү-г нэр дэвшүүлэхээр тодруулсан байна.
Өмнө нь БНСУ-ын хөдөлмөрийн сайдын албыг хашиж байсан Ким Мүн Сү өнгөрсөн бямба гарагт явагдсан нам доторх сунгаанд саяхан ерөнхий сайдын албан тушаалаасаа бууж, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан Хан Доксуг ялж, намаа төлөөлөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр сонгогдсон байна.

Улмаар түүнийг энэ удаагийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигчээр ням гарагт бүртгэж авсныг БНСУ-ын Үндэсний сонгуулийн хорооны зүгээс мэдэгджээ.
Харин нам доторх сунгаанд ялагдал хүлээсэн ерөнхий сайд асан Хан Доксу ням гарагт сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ өөрийн улс төрийн замналаа дуусгаж, энгийн иргэний амьдралаар амьдрах болно гэжээ. Мөн тэрээр сонгуулийн сурталчилгааны үеэр Ким Мүн Сү-г дэмжихээ мэдэгдсэн байна.
Ням гарагт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа дуусгавар болсон бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мюн, Шинэ шинэчлэл намаас нэр дэвшигч И Жун Сок гэх зэрэг нийт 7 нэр дэвшигч бүртгүүлэн, өрсөлдөхөөр болсон байна.
БНСУ-ын 2025 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн сурталчилгааны кампанит ажил даваа гарагаас албан ёсоор эхлээд байна.
Хамгийн гол өрсөлдөгчдөөр нэрлэгдэж буй эрх баригч Ард түмний хүч намаас нэр дэвшигч Ким Мүн Сү өөрийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажлыг даваа гарагийн өглөө нийслэл Сөүл хотын өмнөд хэсгийн Гарак зах, худалдааны төвөөс эхэлж, үргэлжлээд Дэжон дахь үндэсний оршуулгын газар болон Дэгү хотын уламжлалт зах, худалдааны төвөөр зочлохоор төлөвлөсөн бол Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мюн Сөүл хотын төвд байрлах Чёнггэ Плаза цогцолбороос сурталчилгааны ажлаа эхлүүлж, үргэлжлээд Сөүл хотын ойр орчмын Сённам, Хвасён, Дэжён хотуудад ажиллахаар төлөвлөсөн байна.
Нэр дэвшигчид болон тэдний кампанит ажлын багийнхан журмын дагуу өдөр бүр өглөөний 07:00 цагаас 23:00 цагийн хооронд олон нийтийн газруудад илтгэл тавьж, сурталчилгааны хуудас болон бусад материалуудыг тарааж, мөн зурагт хуудсаа нааж байрлуулах боломжтой ажээ.
Realmeter судалгааны байгууллагаас ням гарагт танилцуулсан хамгийн сүүлийн судалгааны дүнгээр Ардчилсан намын нэр дэвшигч И Жэ Мюн 52.1 хувийн саналаар илт давуу тэргүүлсэн бол эрх баригч намаас нэр дэвшигч Ким Мүн Сү 31.1 хувийн саналыг авсан байна. Өөрөөр хэлбэл эрх баригч Ард түмний хүч намын рейтинг, нэр хүнд цэргийн онц байдал зарласны улмаас импичментээр огцорсон ерөнхийлөгч агсан Юн Сок Ёлоос болж унасан нь тодорхой боллоо. Өөрчлөлт шинэчлэлтийг хүсэж буй Өмнөд Солонгосын ард түмэн энэ удаад Ардчилсан намын нэр дэвшигчид итгэл хүлээлгэх сонголтыг хийх магадлал өндөр байгаа нь үүний өмнөх олон судалгааны дүнгээс тодорхой харагдаж байна.