АНУ, БНХАУ харилцан ногдуулсан нэмэлт тарифаа 115 хувиар буулгахаар тохиролцов


Өнгөрсөн амралтын өдрүүдээр Швейцарийн Женев хотноо явагдсан АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээний үр дүнгийн талаарх албан ёсны хамтарсан мэдэгдлийг талууд даваа гарагт танилцууллаа.

Хамтарсан мэдэгдэлд талууд харилцан ногдуулсан импортын нэмэлт тарифаа 115%-иар буулгахаар тохиролцсон болохыг онцлов.

Тодруулбал, Бээжингийн зүгээс Америкийн импортын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан 125%-ийн нэмэлт тарифаа 115%-иар бууруулж, 10% болгохоор болсон бол Вашингтон Хятадын импортод ногдуулсан 145%-ийн нэмэлт тарифаа мөн 115%-иар буулгаж 30% болгохоор тохиролцсон байна. 

Түүнчлэн талууд 5-р сарын 14-нөөс эхлэн зарим тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүний тарифыг цуцлаж, Трампын 4-р сарын 2-ны өдөр “харилцан тэгш тариф” нэрээр зарласан өөр бусад тарифыг 90 хоногийн хугацаанд түр зогсоохоор тохиролцжээ. Дээрх 90 хоногийн хугацаанд талууд тариф болон худалдааны асуудлаарх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн явуулах ажээ.

Хятад улс мөн АНУ-д чухал ач холбогдолтой ашигт малтмал, газрын ховор элементийн экспортоо зогсоох гэх зэрэг бусад тарифын бус хариу арга хэмжээнүүдээ цуцлахаар болсон байна.

Харин маш хүчтэй мансууруулагч бодис болох фентанилын хууль бус худалдааг зогсоох зорилгоор Бээжинд шахалт үзүүлэхэд чиглэсэн химийн бодисын импортод ногдуулсан 20%-ийн тарифыг АНУ хэвээр нь үлдээсэн байна.

Ийнхүү Д.Трампыг тангараг өргөснөөс хойш 4-р сар хүртэл үргэлжилсэн хоёр талын худалдааны зөрчлийг намжаасан тохиролцоонд хүрч чадсанаар бусад улс орнууд, олон улсын худалдаанд үзүүлж байсан сөрөг нөлөөллийг багасгахаар болж байна.

Гэхдээ дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр их гүрний хоорондох худалдааны зөрчил огтхон ч дуусаагүй байгаа бөгөөд дээр заасан 90 хоногийн хугацаанд юу болж өрнөх, тэдний дараагийн нүүдэл юу байхыг таамаглахад бэрх байгаа талаар ажиглагчид хэлж байна.

Ямартай ч худалдааны асуудлаарх хоёр улсын засгийн газруудын хоорондох яриа хэлэлцээ үргэлжилж, ойрын ирээдүйд хэлэлцээр байгуулж ч магадгүй байна.

Хэдийгээр талууд энэ удаагийн яриа хэлэлцээний төгсгөлд нэгдмэл тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдээд байгаа ч зарим шинжээч, ажиглагчид уулзалтын үр дүнг “Трампын засаг захиргаа тарифын бодлогоосоо ухарч, Хятадын сэтгэлзүй урьд өмнөхөөсөө илүү хүчтэй байна” гэж үзээд байна. 

Талууд мөн энэ удаагийн уулзалтаараа яриа хэлэлцээг үргэлжлүүлэн явуулах механизмыг үүсгэн байгуулах тохиролцоонд хүрсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *