Даваа гарагт Энэтхэг, Пакистан улсын зэвсэгт хүчний удирдлагууд гал зогсоох тохиролцооны асуудлаар уулзаж, хэлэлцээ хийжээ.
Хоёр улсын хоорондох газар нутгийн маргаантай Кашмирын бүс нутагт өнгөрөгч сард Энэтхэгийн 26 жуулчинг хөнөөсөн халдлага гарч, дээрх халдлагын дараагаар Энэтхэг улс Пакистаны нутагт олон тооны агаарын цохилт үзүүлсний улмаас хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсан юм.
Харин өнгөрсөн бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Энэтхэг, Пакистан улсууд нэн даруй гал зогсоохоор тохиролцсон болохыг зарлан мэдэгдэж, хоёр улсын засгийн газрууд ч мөн Америкийн төрийн тэргүүний мэдэгдлийг нотлосон билээ.
Тэгвэл даваа гарагийн уулзалтаар талууд газар нутгийн маргаантай Кашмирын бүс болон бусад бүсийн хилийн ойр орчмын цэргийн тоо хэмжээгээ бууруулах эхний арга хэмжээг авахаар тохиролцсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Даваа гарагт мөн Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдэл хийлээ. Тэрээр Пакистаны зүгээс ахин зэвсэгт халдлага, террорист ажиллагаа явуулсан тохиолдолд Энэтхэг улс хатуу хариу арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулжээ. АНУ-ын зуучлалын дагуу гал зогсоохоор тохиролцсоны дараа хийсэн мэдэгдэлдээ Н.Моди Энэтхэгийн зэвсэгт хүчин 100 гаруй террористуудыг хөнөөснийг дурьдаж, тус улс Пакистаныг ойр ажиглах болно гэдгийг тодотгожээ.
Пакистаны зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч ням гарагт хийсэн мэдэгдэлдээ Пакистан улсын бүрэн эрхт байдалд заналхийлж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал нь зөрчигдсөн тохиолдолд шийдвэртэй хариу өгөх болно гэжээ.