Хамас бүлэглэл АНУ-ын иргэн Эдан Александрыг суллав


2023 оны 10-р сарын 7-ны өдөр Хамас бүлэглэлийн зүгээс Израилд гэнэт халдлан довтлох үеэр олзлогдож, Газын зурваст барьцаанд байсан израил гаралтай АНУ-ын иргэн Эдан Александр суллагдаж, гэртээ буцжээ. Түүнийг Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хотод Улаан загалмай нийгэмлэгийн ажилтнуудад шилжүүлэн өгч, дараагаар нь Израилын цэргүүд хүлээн авсан байна. 

Эдан Александрыг шилжүүлж авах зорилгоор даваа гарагт Израилын зэвсэгт хүчин Газын зурвас дахь цэрэг, дайны үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Тэрээр Хамасын барьцаанд амьд үлдсэн цорын ганц АНУ-ын иргэн байсан гэгдэж байсан бөгөөд Хамас бүлэглэлийн зүгээс АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын мягмар гарагт эхлүүлж буй Ойрхи Дорнодын гурван улсад хийх айлчлалыг тохиолдуулан, айчлалын өмнө сайн санааны үүднээс түүнийг суллаж байгаагаа мэдэгдсэн юм.

Хамас бүлэглэлийн барьцаанаас суллагдсан Эдан Александрыг Израилын цэргийн баазад гэр бүлийнхэнтэйгээ тэврэлдэн, уулзаж буй мөчийг Израилын телевизээр дамжуулан үзүүлсэн байна. 21 настай Эдан Александр нь өнгөрөгч 3-р сарын 18-ны өдөр дуусгавар болсон, 6 долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн гал зогсоох тохиролцооны дараа суллагдаж байгаа анхны барьцааны хүн боллоо.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп түүний гэр бүлийнхэнд хүүгээ эсэн мэнд, амьдаар нь эргүүлэн авсанд баяр хүргэсэн байна. Э.Александрын гэр бүлийн зүгээс ч мөн АНУ-ын ерөнхийлөгчид талархахын сацуу Израилын засгийн газар болон зуучлагч улс орнуудад хандаж үлдсэн 58 барьцааны хүнийг суллахын төлөө чармайж ажиллахыг уриалжээ.

Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху Э.Александрыг буцааж авсан явдлыг “үнэхээр сэтгэл хөдөлгөм мөч байсан” гээд, түүнийг буцааж авахад дэмжлэг үзүүлсэн АНУ-ын төрийн тэргүүнд талархал илэрхийлсэн байна. Тэрээр Д.Трамп Хамас бүлэглэлд улс төрийн дарамт шахалт үзүүлээгүй бол энэ бүхэн боломжгүй байх байсан гэжээ. Израилын ерөнхий сайд мөн гал зогсоохгүй бөгөөд Газын зурвас дахь цэрэг дайны ажиллагаагаа үргэлжлүүлэн идэвхжүүлнэ гэдгээ нэмж хэлсэн байна.

Талуудын хооронд зуучлагийн үүрэг гүйцэтгэж буй Катар, Египет улсуудын зүгээс Эдан Александрыг сулласан явдал нь гал зогсоох асуудлаарх шинэ яриа хэлэлцээг дэмжиж буйн нэг илрэл боллоо хэмээн мэдэгдээд байна. Харин гал зогсоохгүй гэж мэдэгдсэн Израил улсын зүгээс пүрэв гарагт үлдсэн барьцааны хүмүүсийг суллах асуудлыг хэлэлцэхээр Катар улсад төлөөлөгчдөө илгээхээр болсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *