Ирэх 6-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинэчлэн найруулаад, энэ 7 хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэх гэж байна. Монгол Улсын Үндсэн хууль цаашлаад маш олон хууль, тогтоомжтой зөрчилдөж байгаа дээрх хуулийн төслийн шинэчилсэн хувилбарт хууль хэрэгжих хугацааг хойшлуулснаас өөр засвар оруулаагүй байна. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 2025 оны 6-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсныг 2026 оны 6-р сарын 1 болгож хойшлуулахаар уг төсөлд тусгажээ.
Дээрх хуулийн олон зүйл, заалт одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжтой зөрчилдөж байгааг хэсэг судлаач мэдээлж, Үндсэн хуулийн цэцэд хандлаа. Нэгэнт Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа бол судлаачдын яриад байгаа зөрчлийг судалж, 1 мөр хэлэлцүүлэн, чамбайруулах нь цаг хугацаа, мөнгө санхүү, аль аль талаасаа нэмэртэй баймаар. Гэвч чамбай төсөл парламентаар хэлэлцүүлэх сэтгэл, зорилго аль аль нь Засгийн газарт байхгүй байх шиг.
Эргэн сануулахад, 2024 оны 6-р сарын 5-нд 76 гишүүнтэй парламент бөөндөж баталсан хуулиудын 1 нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль юм. Нийслэлийн засаг даргын төсөв захиран зарцуулах эрх мэдлийг нэмэхийн тулд өөх дагаж булчирхай гэдэг шиг дутуу дулимаг олон хуулийн төслийг хэлэлцүүлэггүйгээр батлуулсны нэг нь Улаанбаатарыг 14 хуваах хуулийн төсөл билээ.
Үндсэн хуулийн 57.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, сум, дүүрэгт хуваагдана” гэж заасан байдаг. 57.3-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөхдөө эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын саналыг харгалзан, Засгийн газар өргөн мэдүүлснээр УИХ батална” гэжээ. Гэвч Үндсэн хуульд заасан дээрх зохицуулалт Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар алдагдаж байгаа юм. Тодруулбал: Улаанбаатар хотын 9 дүүргийг байхгүй болгож, 14 хот болгоод, хот тус бүртээ Удирдах зөвлөлтэй байх нь. Тэгэхээр 2024 оны орон нутгийн сонгуулиар сонгогдсон дүүргүүдийн ИТХ-ын эрх зүйн чадамж алга болох асуудал үүсэж байгаа юм. Түүнчлэн хотын зөвлөлийн гишүүдийн тоо нь хүн амынхаа тооноос хамаараад, 20 гаруй хүнтэй байх ёстой. Гэтэл зарим том дүүргийн төлөөлөгчдийн тоо 40 гаруй байх нь бий.
Энэ мэтчилэн орон нутгийн төлөөллийг хэрхэн зохицуулах уу эсвэл ахин сонгууль хийж, 14 хотын зөвлөлийн гишүүдийг сонгох уу гэх зэргээр ойлгомжгүй, дутуу дулимаг үлдээсэн зохицуулалт Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд олон байна.
Хуулиудын зөрчлөөс гадна нийслэлийг 14 хот болгохдоо хилийн зурвасыг хэрхэн хуваах тухай ойлгомжгүй, тодорхой зохицуулалт хийгээгүй орхижээ. Энэ нь хуулийг хэрэгжүүлэх явцад олон хүндрэл, маргаан үүсгэх нүх үлдээж байгаа хэрэг. Түүнчлэн Үндсэн хуульд Монгол Улсын засаг захиргааны нэгж хүн амтай, нутаг дэвсгэртэй байхаар тусгасан байдаг. Гэвч Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд Улаанбаатарыг бүрдүүлэх 14 хотод газар нутаг, хүн амаа хэрхэн хуваарилах асуудал мөн л бүрхэг, тодорхойгүй үлджээ.
Хэрэв дээрх хуулийн эрх зүйн талаас үүсэж байгаа бүх зөрчлийг арилгачихвал хилийн зурвас тогтоох, хаяг өөрчлөх, хотын захиргаануудын нүүдэл суудал, цаашлаад нийслэлд амьдарч байгаа иргэн бүрийн бичиг баримтыг шинэчлэх асуудал үүснэ. Энэ бүх ажилд хэчнээн төгрөгийн зардал гарах талаарх тооцоо, судалгаа ч алга.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль зөвхөн нийслэлтэй холбогдоод зогсохгүй улсын зэрэглэлтэй хот гэдэг статусаар зарим аймгийн төв, сумыг өөрчилж, хот болгох юм. Улаанбаатарт уг хуулиас болж өрнөх түмэн бэрхшээлийг тоочиж дуусаагүй байхад аймгийн төвүүдийг улсын зэрэглэлтэй хот болгох буман бэрхшээл нэмэгдэж таарах нь.
Уг нь хуулийн төслийг боловсруулахдаа хэдэн сар жилээр судалж, бүх төрлийн судалгаа, тооцоог хийж, бүрэн бүтэн хууль болгоод, УИХ-аар хэлэлцүүлэх учиртай. Гэвч Засгийн газар яаралтай гэдэг “мода”-оороо далимдуулж, судалгаа нотолгоогүй, дутуу дулимаг хууль оруулж ирэн, хүч түрэн батлуулсаар байгаагийн 1 жишээ нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль боллоо.
Парламентаар жил хүрэхгүй хугацааны өмнө батлуулсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн хувилбар хэрэгжиж эхлэхээсээ өмнө 1 жилийн “чөлөө авч”, 2026 онд хэрэгжиж эхлэх бололтой. Магадгүй хуульд байгаа олон зөрчлийг засах ажлаа Засгийн газар 1 жилийн дотор хийнэ гэж найдъя. Гэхдээ хуулийг хэдэн ч удаа засах, гар дүрэх эрх нь парламентад нээлттэй. Засгийн газар үүнийг далимдуулан, “Дараа засчихна” гээд судалгаагүй хуулиудаа зүтгүүлж, батлуулдаг болчихсон байхыг ч үгүйсгэх аргагүй.
Аливаа улсын хууль тогтоомж гэдэг тухайн нийгмийн бүхий л асуудлыг зохицуулах чадамжтай, хамгийн нарийн судалгаа, тооцоотой зохицуулалт байх учиртай. Гэвч манай эрх баригчид 7 хэмжиж 1 огтлох биш, 7 огтолж нүхэлсэн ноорхой салбархай хуулийг нь эвлүүлэн нийлүүлэх ажлыг ирээдүйдээ үлдээх ажилд л мэргэшчихэв бололтой.