Гаага хотод саатуулагдаж буй Филиппинийн экс-ерөнхийлөгч Р.Дутерте өөрийн төрөлх хотын даргаар сонгогджээ


Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан тушаалын дагуу баривчлагдан, Гаага хотод саатуулагдан шалгагдаж буй Филиппинийн ерөнхийлөгч асан Родриго Дутерте орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, өөрийн төрөлх хотын даргаар сонгогджээ.

Түүнийг төрийн тэргүүний алба хашиж байхдаа хар тамхи, мансууруулах бодисын эсрэг дайн зарлах нэрийдлээр олон мянган хүний амийг хороосон хэрэгт буруутгаж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн баривчлаад байгаа билээ.

Тэгвэл даваа гарагт явагдсан Филиппин улсын дундын сонгууль буюу сенат, төлөөлөгчдийн танхим, түүнчлэн засаг захиргааны нэгжүүдийн шат шатны удирдлагыг сонгох томоохон сонгуулийн санал тооллогын урьдчилсан дүнгээр тэрээр өөрийн төрөлх Давао хотын даргаар ахин сонгогдсон нь тодорхой болсон байна.

Дээр нь мөн түүний хамгийн үнэнч туслахууд гэгддэг Кристофер Го болон Рональд дела Роса нар Сенатын сонгуульд ялалт байгуулжээ. Нийт саналын хуудсын 80%-ийг тоолсны дараах байдлаар Р.Дутертег дэмжигч 4 улс төрч Сенатад сонгогдоод байгаа бол одоогийн ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниорын талын улс төрчид төлөвлөснөөс доогуур 6 суудалд буюу хангалтгүй суудал аваад байгаа байдалтай үргэлжилж байна. 

Энэ удаагийн сонгуулиар Р.Дутертегийн төрсөн охин, дэд ерөнхийлөгч Сара Дутерте-гийн улс төрийн хувь заяа шийдэгдэх бөгөөд ерөнхийлөгч Маркосын тал Сенатад 12 суудал эзлэхэд л Сара Дутертег импичментээр огцруулах хангалттай тооны саналтай болох юм. Хэрвээ ирэх 6 сард явуулахаар төлөвлөсөн санал хураалтаар Сара Дутертег импичментээр дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулбал тэрээр 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх боломжгүй болох ажээ.

Филиппинийн улс төрд ноёрхлоо тогтоосон хоёр гэр бүл болох Дутерте болон Маркосын гэр бүлийнхний улс төрийн зөрчил, тэмцэл хэрхэн яаж төгсөхийг энэ удаагийн сонгуулийн албан ёсны эцсийн үр дүн шийдэх нь дамжиггүй.

Дээрх хоёр гэр бүлийн улс төрийн тэмцлээс гадна мөн даваа гарагийн санал хураалтын үеэр сонгуулийн машин ажиллаагүй, цельсийн +33 хэмд санал авах байруудад урт дараалал үүссэн, мөн олон тооны зодоон цохион, хүчирхийллийн хэргүүд бүртгэгдсэн гэх зэрэг энэ удаагийн сонгууль нэлээд асуудалтай сонгууль болж өнгөрч байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *