АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Ойрхи Дорнодын улс орнуудаар хийх албан айлчлалаа мягмар гарагт Саудын Араб улсаар эхлүүллээ.
Тэрээр Саудын Арабын нийслэл Эр Рияд хотноо угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Салмантай хэлэлцээ явуулж, уулзалтын төгсгөлд эрчим хүч, батлан хамгаалах, технологи зэрэг олон салбарт хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээрүүдэд гарын үсэг зуржээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр Д.Трамп Саудын Арабын айлчлалын үеэр нийт 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан бөгөөд үүнд хоёр талын хоорондох хамгийн том хэмжээний буюу 142 тэрбум ам.долларын батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтын гэрээ багтсан байна.
Тодруулбал, АНУ-д үйлдвэрлэсэн пуужингийн довтолгооноос хамгаалах систем, байлдааны сөнөөгч онгоц, пуужин гэх зэрэг орчин үеийн зэвсэг техник болон үйлчилгээг Саудын Араб улсад нийлүүлж, тус улсын цэрэг армийг шинэчлэхэд хамтран ажиллахаар болсон байна. АНУ-д үйлдвэрлэсэн зэвсэг техникийг худалдан авч буй хамгийн том дүнтэй гэрээ гэгдэж байгаа энэхүү тохиролцоо нь мөн АНУ-д ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулахад чиглэгдэж байгаа гэдгийг давхар тодотгоод байна.

Трампын айлчлалтай холбогдуулан Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд хөрөнгө оруулалтын тохиролцоо нь “эрчим хүчний аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын аж үйлдвэрлэл, технологийн манлайлал болон олон улсын дэд бүтэц, ашигт малтмал, газрын ховор элементийн салбарт хамтрах зэрэг олон салбарыг хамарсан гэрээ хэлэлцээрүүдийг багтаасан” гэжээ.

Д.Трамп мөн Эр Рияд хотноо зохиогдсон хөрөнгө оруулалтын форумд оролцож үг хэлэхдээ Сири улсын эсрэг тавьсан Америкийн хоригийг цуцална гэдгээ зарлажээ. Трамп Сири улсад боломж олгох үүднээс тус улсын эсрэг тавьсан хоригийг цуцлах тушаал өгнө гэж мэдэгдсэнээр АНУ Дамасктай харилцаагаа хэвийн болгох эхний алхам хийгдээд байна. Түүнчлэн лхагва гарагт Д.Трамп Саудын Арабын айлчлалаа өндөрлүүлж явахаасаа өмнө Сирийн ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Ахмед аль Шараатай уулзахаар болсон байна.
АНУ-ын ерөнхийлөгч үргэлжлээд Катар улсад айлчлах бол пүрэв гарагт АНЭУ-д 2 өдрийн хугацаанд айлчилснаар түүний Ойрхи Дорнодын албан ёсны айлчлал өндөрлөх болно. Энэ нь түүний ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд хийж буй анхны томоохон гадаад айлчлал болж байна. Трампын айлчлалын бүрэлдэхүүнд тэрбумтан Элон Маск болон Америкийн бизнесийн салбарын төлөөлөл багтан, дагалдан явж байгаа юм.
Трампын Ойрхи Дорнодын айлчлалд Израил улс багтаагүй ч тэрээр Израилын ерөнхий сайдаар Газын зурваст гал зогсоох шинэ тохиролцоог зөвшөөрүүлэхийг хүсэж байгаа юм. Гэвч Израил улс эсрэг байр суурьтай байгаа хийгээд Газын зурвас дахь Хамас бүлэглийн эсрэг цэргийн ажиллагаагаа улам идэвхжүүлэхээ мэдэгдээд байгаа билээ.
Харин Орос-Украины асуудал дээр пүрэв гарагт Турк улсад болохоор яригдаж буй энхийн яриа хэлэлцээнд оролцохоор АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Турк улсыг зорих болно гэдгийг Д.Трамп мөн мэдэгдээд байна.