Nissan компани 7 үйлдвэрээ хааж, 11000 ажилтнаа цомхотгоно


Борлуулалтын хэмжээ нь буурч, бизнесийн үйл ажиллагаа нь доголдолд ороод буй Японы автомашин үйлдвэрлэгч Nissan компани олон улсын хэмжээн дэх 7 үйлдвэрээ хааж, 11000 ажилтнаа цомхотголд хамруулахаар болжээ.

Тус компанийн гол хоёр том зах зээл болох Хятад болон Америк дахь худалдааны хэмжээ нь буурч, мөн өнгөрөгч 2-р сард Honda, Mitsubishi компаниудтай нэгдэх яриа хэлэлцээ нь амжилтгүй болсны дараа Nissan компанийн бизнесийн нөхцөл байдал хүндэрч эхлээд байна.

Өнгөрсөн оны 11-р сард тус компани 9000 ажилтнаа цомхотгоно хэмээн мэдэгдсэн бөгөөд ийнхүү нийтдээ 20000 орчим ажилтнаа цомхотгохоор болоод байна. Тус компани дэлхийн хэмжээнд нийт 133,500 ажилтантай ба үүнийхээ 15%-ийг цомхотголд хамруулахаар боллоо.

Одоогийн байдлаар аль улс дахь салбар компани болон үйлдвэрийн ажилтнуудаа цомхотгох нь тодорхойгүй байна. Цомхотголд хамрагдах ажилтнуудын гуравны хоёр нь үйлдвэрийн ажилтнууд, үлдсэн нь худалдаа, оффис, судалгаа болон гэрээний алба, хэлтсийн ажилтнууд байх болно хэмээн Nissan компанийн гүйцэтгэх захирал Айван Эспиноса мэдэгджээ.

Тэрээр мэдэгдэлдээ өмнөх санхүүгийн жилд үнэ ханш өсөн нэмэгдэж, зах зээл, бизнесийн орчин нөхцөл тодорхойгүй, “сорилт ихтэй жил” байсан гээд АНУ-ын засаг захиргааны тарифын нөлөөллийг тооцоолоогүй ч энэ жил тогтвортой ашиг хүлээж байгаа талаараа хэлсэн байна. 2024 онд тус компани 670 тэрбум иен буюу 4.5 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласнаа мэдээлж байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Nissan компани хөрөнгө оруулалтаа танаж байгаа тул Японд аккумулятор болон цахилгаан автомашины үйлдвэр байгуулах төлөвлөгөөгөө цуцалж байгаагаа  мөн зарлан мэдэгдсэн билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *