30 гаруй жил гадаадаас судалсан туршлагаа монгол дарга нар хаана нэвтрүүлсэн бэ?


Энэ 7 хоногийн эхэнд Нийслэлийн засаг даргын Унгар улсад хийж байгаа өргөн бүрэлдэхүүнтэй айлчлал олны анхаарлыг татсан сэдвүүдийн нэг байлаа. Х.Нямбаатар дарга 150 хүн дагуулаад сүр дуулиантайгаар Унгараас туршлага судалж явсан юм. Хамгийн сонирхолтой нь түүний дагуулж явсан бүрэлдэхүүнд манай урлаг соёлынхон олноороо багтсан нь туршлага судлахаасаа арай өөр зорилготой буюу урлаг соёлоо сурталчлахад чиглэгдэж байсан болж таарч байгаа юм. Гэхдээ гадаадад олон хүн дагуулан явж туршлага судалж байгаа нь ганцаараа Х.Нямбаатар биш.

Ардчилсан Монгол улс байгуулагдсан цагаас л эхэлж манай дарга нар хилийн чанадаас туршлага судалж байна. Төрийн алба, парламент, байгаль орчин, хөдөө аж ахуй, уул уурхай, баялгийн сан, тэтгэврийн сан байгуулах тухай гээд олон 100 гадаадын туршлагыг манай төрийн дээд албан тушаалтнууд 30 гаруй жил судаллаа. Уул уурхай хөдөлж эхэлсэн цагаас яригдаж эхэлсэн уул уурхай, нөхөн сэргээлт, баялгийн сан байгуулах туршлага судлах ажиллагаанд хэдэн дарга нар хэчнээн ээлжээр явсныг одоо тоолох аргагүй болтлоо олон болжээ.

2007-2008 онд Чил, Австрали зэрэг уул уурхайгаа зөв хөгжүүлж, олборлолтын дараах нөхөн сэргээлтийг зөв хийсэн улс үндэстнүүдээс туршлага судлах олон удаагийн аялал  төрийн түвшинд өрнөж байсан бол Оюу толгойг хөдөлгөж эхэлсэн цагаас эхлэн баялгийн сан байгуулах чиглэлийн туршлага судлах ажил төрийн түвшинд мода болсон түүх бий. Улс төрийн хүрээний ардчиллын, эмэгтэй улс төрчдийн, хүний эрхийн чиглэлийн туршлага судалсан үүх түүх бол бүүр ч барагдахгүй.

Харин одоо нийслэлийн төсвийг хэдэн их наядаар тоологдох хэмжээнд хүргэсний горыг үзэж Улаанбаатарт тулгамдаад байгаа асуудал 1 бүрд туршлага судлахаар гадаадаар зугаалах төлөвлөгөө зохиосон дарга нар олон байх шиг. Х.Нямбаатар даргын баг Унгарын нийтийн тээвэр, усны байгууламжаас туршлага судалж Улаанбаатарт нэвтрүүлж болох юу юу байгааг судалж байгаа гэдэг мэдээлэл байна. Туршлагаа хуваалцаж байгаа Унгарын мэргэжилтнүүд удахгүй манайд ирж нөхцөл байдалд үнэлгээ хийж зөвлөгөө өгөх тов ч тогтоожээ.

Гэвч 30 жил хуримтлуулсан туршлагаа бид хэрхэн хэрэгжүүлж нэвтрүүлсэн бэ? гэдэг асуултад хариулт олоход бэрх байна. Бараг 20 жил үзэж, харж, ярьсаар ирсэн Норвегийн баялгийн сангийн туршлага өнөөдөр ч Монгол улсад нэвтрээгүй хэвээрээ. Тэгвэл бид туршлагыг нь нэвтрүүлэхгүй бол ямар зорилгоор судалдаг болж таарч байна вэ?

Монголчууд угаасаа туршлага судлах дуртай ард түмэн байж ч болох. Хөдөөгийн аймаг, сумдын төрийн байгууллагууд хоорондоо туршлага судална, мэргэжил болгоноор туршлага судлах уулзалт хурал зөвлөгөөн байнга шахам болдог гэхэд хилсдэхгүй. Одоо Монгол улсын парламент ахмад үеэсээ туршлага судлах ажиллагааг идэвхжүүлж ажлын байр зарлаад буй. Энэ мэт дотоодын туршлага судлах хурал зөвлөгөөн, томилолтын тоонд бүүр ч хязгаар үгүй. Мөн л хэрэгжүүлсэн эсэх талаар ямар нэгэн мэдээ мэдээлэл огт чих дэлсэж байсангүй. Зөвхөн Монголчууд л туршлага судлаад байна уу гэвэл үгүй юм. Бидэн шиг  туршлага эрж хайсан улс орон дэлхий дээр цөөнгүй байна. Ядарсан манай улсаас туршлага эрэлхийлж ирсэн зочид ч нэгээр тогтохгүй. Гэхдээ эдийн засгийн чадамжаараа Монголоос ч буурай социалист эсвэл хаант засаглалтай улс орноос ардчилсан хувьсгалыг амжилттай зохион байгуулсан туршлагыг сонсохоор эсвэл нээлттэй парламентын туршлагыг үзэхээр ирсэн удаа бий.

Гаднынхны Монголоос цуглуулсан туршлага ч дүүрч гэхэд Монгол дарга нарын 30 гаруй жил дэлхийгээс цуглуулсан туршлага нэвтэрсэн нь хэд бол гэдэг л анхаарал татсаар. Улирч одсон туршлага судлалтуудаас ам асуух хугацаа одоо нэгэнт өнгөрснөөс хойш хамгийн сүүлийн буюу Х.Нямбаатар даргын өргөн бүрэлдэхүүнтэй туршлага судлалаар ямар үр дүн гарахыг хамтдаа ажиглаж үр дүн тооцох боломж бидэнд байна. Гэхдээ мартчихгүй бол шүү дээ.


One response to “30 гаруй жил гадаадаас судалсан туршлагаа монгол дарга нар хаана нэвтрүүлсэн бэ?”

  1. Үхсэнээ сурахав дээ.
    Эрчүүд нь үхтэлээ архидах гэж, авгайчууд нь улаа эргэтэл джлгүүр хэсэх гэж л гадаад явдаг биз.
    Дарга нь бавдаг хүүхнээ хавчуулна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *