Сүхбаатарын талбай дээр өчигдрөөс эхэлж иргэд “Огцрох амархан” жагсаал хийж байна. Жагсаалд идэвхтэй оролцогчдын дунд Ц.Уянга тэргүүтэй Ардчилсан намын зарим гишүүн, ХҮН-ын гишүүнчлэлтэй цөөнгүй залуус байгаа юм. Засгийн газрыг хамтран байгуулсан 2 намын гишүүд нь хүртэл Ерөнхий сайдыг огцруулах жагсаалд идэвхтэй оролцож байна. Энэ бүхний эсрэг гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ нүдэн балай чихэн дүлий таг дуугүй байгаа гэж хэлж болно. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох нээлтэд оролцож байгаа мэдээ, дүрсээ илгээхээс өөрөөр Ерөнхий сайд өөрийг нь болоод өөрийнх нь гэр бүл рүү чиглэж байгаа шүүмжлэлд ямар нэгэн хариу тайлбар өгсөнгүй. Хэдийгээр тэрээр олон нийт рүү хандаж ямар нэгэн үг, үйлдэж гаргаагүй ч суудалдаа тогтохын тулд арай өөр чиглэлээр ажиллаж эхэлснийг зарим 1 шийдвэр нь харуулах боллоо.
Тодруулбал: Жагсаал эхлээд удаагүй байхад Засгийн газраас АН-ын гишүүнчлэл бүхий 12 хүнийг хилийн чанадад суух Монголын Элчин сайдуудын зөвлөхөөр томиллоо.
- Анкара дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Ш.Жандос,
- Бангкок дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Ц.Уянга,
- Брюссель дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Баасанжавын Отгонжаргал,
- Вашингтон дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Цэвээний Тамир,
- Канберра дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Дэрэмийн Эрдэнэсувд,
- Нурсултан Астана дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Баатаржавын Бат-Амгалан,
- Софи дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Бүлтэнгийн Мөнхтуяа,
- Сөүл дэх Элчин сайдын яамны зөвлөхөөр Бямбасүрэнгийн Энхбайгаль,
- Токио дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Хишигдэлгэрийн Даваадорж,
- Эль-Кувейт дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Чулуунбатын Батжаргал,
- Хонконг дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Мэдрээгийн Мөнхтулга,
- Эрхүү дахь Ерөнхий Консулын газрын консулаар Базаргарьдын Болд нарыг нэр дэвшүүлж, ХОМ-ийг хянуулахаар АТГ-д хүргүүлээд байна.
Дээрх 12 эрхмийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ нягталтал ЗГ-ын шийдвэр хараахан албажих болоогүй байна. Жагсаалд идэвхтэй оролцож байгаа ХҮН-ын гишүүдийн заримыг нь мөн ЗГ-аас дипломат албан тушаал нэхэж, засаг руу боргож байгаа гэх мэдээлэл ч мэр сэр чих дэлсэж байгаа юм.
АН, ХҮН-ын аль аль нь Засгийн газрыг хамтран байгуулсан учраас олон гишүүдээ албан тушаалд хүргэсэн нь нууц биш. Төр хэдий данхар том ч 3 намын тэр олон хүнийг бүгдийг нь дарга болгох боломж мэдээж хумигдмал. Энэ ч үүднээс албан тушаалгүй үлдсэн зарим гишүүд нь жагсаалд идэвхтэй оролцож эхэлсэн нь Ерөнхий сайдыг албан тушаалын томилгоо ахин хийж байж суудалдаа үлдэх шахаанд хүргэв бололтой. Зөвхөн ганцхан намаас л 12 хүнийг хилийн чанадад байгаа Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдын яамдад зөвлөхийн ажилд томилох санал гаргасан нь нийгэмд эрхгүй хардах үндэслэл төрүүлээд байна.
Тэгвэл бэлгийн албан тушаал болгоод байгаа хилийн чанадад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдын яамны зөвлөхийн албан тушаал нь хүссэн хүн бүрийн хийх боломжтой амархан ажил болж таарч байна уу гэх асуулт гарч ирж байгаа юм. Уг нь 2 орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, тухайн улс оронд байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллах мэргэжлийн дипломатч буюу олон улсын харилцаа, гадаад харилцаагаар мэргэшсэн чадварлаг боловсон хүчин томилогдох учиртай чухал алба гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Хилийн чанадад ажиллах Элчин сайдын яамдын бүтэц, орон тоо том байх тусмаа зардал өснө. Тэр утгаараа аливаа улс орон эдийн засгийн ач холбогдолгүй улс оронд Элчин сайдын яамаа байгуулах сонирхолгүй байдаг. Харин улс төр, эдийн засаг худалдаа, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн гээд зайлшгүй хамтын ажиллагаа иргэд хооронд идэвхтэй өрнөдөг улс оронд Элчин сайдын яамаа зайлшгүй ажиллуулах шаардлага зүй ёсных.
Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдын яамдаас хамгийн том нь ОХУ, БНХАУ-д байгаа. Мөнхийн хөрш төдийгүй тухайн 2 улсын Дэлхийд эзлэх байр суурь, нөлөө маш том учраас яалт ч үгүй хамгийн том дипломат багаа тухайн 2 улс оронд байгуулах нь зүй ёсны асуудал. Мөн монголчууд олноороо ажиллаж, амьдардаг БНСУ-д байгаа Элчин сайдын яам мөн томоороо 3-т орно. БНХАУ-д гэхэд Элчин сайдын яам, Консулын газар гэсэн 2 том бүтэцтэй байгууллага Монгол Улсыг төлөөлөн, 40-50 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг тухай мэдээлэл бий.
Харин бусад улсад Монголыг төлөөлөх Элчин сайдын яамдын бүрэлдэхүүн үндсэндээ цомхон. Итали зэрэг хамтын ажиллагаа харьцангуй багатай улс орны тухайд дипломат ажилтны тоо 4, үйлчилгээ техникийн 1 ажилтны орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Монгол иргэд бараг зорчдоггүй Латин Америкийн улс оронд бол Элчин сайд, нарийн бичиг, жолооч гэсэн 3 орон тоотойгоор Элчин сайдын яамаа ажиллуулж ирсэн жишиг хүртэл бий. Хөгжил буурай улс орны хувьд зардлаа хэмнэж, цөөн орон тоотой цомхон бүтэцтэй Элчин сайдын яам ажиллуулахаас өөр сонголт үнэндээ байдаггүй нь ойлгомжтой асуудал.
Тэгвэл одоо 1 дор 1 намаас мэргэжлийн бус 12 хүнийг Элчин сайдын зөвлөхөөр томилох хэмжээгээр Монгол Улсын эдийн засаг тэлчихсэн хэрэг үү ? Инфляц, гадаад худалдаа гээд олон хүчин зүйлээрээ бид хэмнэдэг байсан бүтцээ тэлэх эдийн засгийн чадамж үүсээгүй гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз.
Шинээр томилж байгаа Элчин сайдын зөвлөхийн албан тушаал тэгвэл хэр том албан тушаал вэ?
Элчин сайдын яамдын гол хүн нь Элчин сайд өөрөө. Түүнийг улс төрийн томилгоогоор явуулдаг, сонгодог. Харин албан тушаалын эрэмбээр элчин зөвлөх хоёрдугаарт ордог. Элчин зөвлөх зайлшгүй мэргэжлийн дипломатч байх шаардлагатай. Үүний дараагийн албан тушаал нь зөвлөхүүд. Уг нь өмнө нь ихэнх Элчин сайдын яам зөвлөхгүй байсан. Харин одоо Элчин сайдын яамдад дээрээсээ 3-рт бичигдэх дарга буюу зөвлөхийн албан тушаалын томилгоог Засгийн газар бөөндөж байна. Зөвлөхийн араас орох албан тушаал бол 1, 2, 3-р нарийн бичгүүд, араас нь мэдээж атташе жагсана.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ч дипломат албанд улстөрчдийг зүтгүүлж байгаад дургүй байгаагаа илэрхийлж, томилгоонд нь оролцоно гэдгээ илэрхийлж байсан удаа бий. Гэхдээ албан тушаал нь ганхсан одоо цагт магадгүй дипломат албаа ч хайрлахгүй байх тохироонд хүрсэн байхыг үгүйсгэх аргагүй.
Ядуу буурай улсын тоонд багтдаг Монгол энэ мэт задарсан томилгоотойгоор хэр зэрэг удаан тэсэх бол гэдэгт Засгийн газар ер нь санаа чилээж байгаа болов уу? Үгүй л болов уу. Засгийн газар уг нь 7 хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Харин энэ 7 хоногт хурлаа хойшлуулсаар өнөөдөр ч хуралдахгүй байхаар шийджээ. Магадгүй жагсагчдад бүгдэд нь санал болгох албан тушаал олно гэдэг гүйцэтгэх засаглалд амаргүй байгаа нь дамжиггүй.