УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаас Л.Оюун-Эрдэнийн хүүтэй холбоотой асуудлаар байр суурийг нь сонслоо.
-Ерөнхий сайдын хүүтэй холбоотой үүссэн асуудлаар хувь гишүүний байр сууриа илэрхийлээч?
-Би яг та бүхэнтэй ижил сошиал дээр гарсан зүйлсийг л сонссон төдий мэдээлэлтэй байна. Хууль шүүхийн байгууллага шалгах ажлаа хийж байгаа гэж ойлгосон. Хэрвээ хууль зөрчсөн нь батлагдвал хуулийн дагуу хариуцлага хүлээх нь зүйтэй. Ерөнхий сайдын хувьд хариуцлагатай албан тушаалтан учраас тайлбар өгөх нь зүйтэй байх. Манай намын удирдах зөвлөл хуралдаагүй учраас өөр мэдээлэл алга байна.
-Та намын гишүүний хувьд тайлбар өгүүлэх тал дээр нь шахаж ажиллах уу?
-Өөрөө тайлбар өгнө гэдэгт нь эргэлзэхгүй байна. Ерөнхий сайдын хувьд ч тэр, хувь гишүүний хувьд ч ёс зүйн асуудалд тайлбар өгөөд л явдаг жишиг бий.
-Ерөнхий сайдын хүүгийн үрсэн мөнгө ил болчихлоо. Та улстөрч хүний хувьд үүнийг хэр зэрэг ёс зүйтэй үйлдэл гэж харж байна.
-Хууль зүйн сайд хүртэл хэлж байсан. Хэрвээ орлогоо нотолж чадахгүй бол хуулийн хариуцлага, улс төрийн хариуцлага хүлээх учиртай. Тэр их мөнгийг эцэг эх нь өгсөн юм уу? Тийм бол эцэг эх нь ямар орлогоосоо өгсөн юм? Эсвэл хүүхэд өөрөө олсон бол хаанаас олсон мөнгө гэдгээ тайлбарлах л хэрэгтэй. Бид ч өөрсдийнхөө харилцаа хамааралтай бүх хүмүүсийн л хамаг юмыг хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тоочиж байгаа шүү дээ. Байр сав, юу байна, тийм ээ. Бидний харилцаа хамааралтай этгээдүүд бизнес эрхлэх хүртэл хүнд л болоод байна. Авлигатай тэмцэх газар ажиллаж байгаа байх. Гэхдээ сая хараад байхад сошиал хүний бүх л мэдээллийг олчихдог болсон шиг санагдлаа.
-2025 онд танай намын их хурал хуралдах уу?
-Улс төрийн намын тухай хуулиар намын бүтэц, зохион байгуулалт, дүрэм гээд олон асуудалд өөрчлөлт оруулах асуудал бүх намын өмнө хүлээгдэж байгаа. Тиймээс хуралдах байх.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.