Н.Учрал: Х.Баттулга та тоглоод байна уу, тохуурхаад байна уу ?


Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт “Монгол ялна” ард түмний хөдөлгөөнөөс өөрт нь хаяглан “Төгрөг нуурын орд газраа ард түмэн авах шаардлага”-ыг бичгээр ирүүлснийг хүлээн авч, хариу хүргүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр хариу мэдэгдэлдээ “Та бүхэнд болон Монголын ард түмэнд хандан, хэрэв миний эсвэл миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд Төгрөг нуурын ордын лиценз байх аваас ямар ч эргэлзээгүйгээр, ямар ч болзолгүйгээр Монгол Улсын төрд, Үндэсний баялгийн санд бүрэн хүлээлгэн өгөх болно гэдгээ дахин илэрхийлье” гэжээ

Харин энэхүү тайлбарын хариуд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал цахим хуудсаараа дамжуулан, албан ёсны байр сууриа илэрхийлсэн байна. ” Х.Баттулга гуай Та “Төгрөг нуурын орд минийх юм бол төрдөө өгье” гэжээ. Та тоглоод байна уу, тохуурхаад байна уу? Та өнөөдөр Төгрөг нуурын эзэн биш. Та оффшорт 250 сая доллароор зарчихсан шүү дээ. Та өөрийн CAMEХ компани, төрсөн эгч, охин, хятадуудтай нийлээд, дамлачихсан хүн. Өндөр үнээр зарчхаад, лицензийг нь Монголд үнэгүй болгоод оруулаад ирсэн.

Өрмийг нь хамахдаа үртсийг нь ч монголчууддаа үлдээгээгүй. Татвар, хураамж огт төлөөгүй. Мөнгө угаасан, татвараас зугатсан, авлигын гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэн 1000 гаруй хуудас нотлох баримтыг АТГ-т хүлээлгэн өгсөн. Сингапур, Хонконг, Монголын албан ёсны эх сурвалж, санхүүгийн дүн шинжилгээний хамт хүргүүлсэн. Хууль, шүүх үнэн мөнийг дэнсэлнэ. Таныг өнөөдөр эзэн нь учраас Төгрөг нуурын ордыг буцааж өгөөч гэж гуйгаагүй. Монголын баялгийг монголчуудад ямар ч өгөөжгүйгээр оффшор дамнуулж зарсныг чинь хууль шалгаж, олон нийт анхааралтай ажиглаж байгааг ахин сануулъя. Монголчууд тэнэг биш. Монголчууд Таны тохуурхал биш” гэсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *