Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа
–Хотын дарга аа! Нууц биш бол таны орлого болон сарын цалин хэд вэ? Таны хүүхдийн өмсөж буй үнэтэй брэндүүдийг олон нийт шүүмжилж байна?
-Би нийслэлийн засаг даргаар ажиллаад, сардаа 3 сая гаруй төгрөгийн цалин авдаг. Цалин картанд ороод, зарцуулаад явж байна.
Мэдээж хамаарал бүхий компаниудын мэдээллээ хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бөглөсөн. “Хамаг Монгол групп” ХХК барилга, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би яг ийм асуулт тавьж магадгүй гээд хамаарал бүхий хүмүүсээсээ жилд хэдэн төгрөгийн татвар төлж буйг нь асуусан. Сүүлийн найман жилийн байдлаар жил бүр 300 орчим сая төгрөгийн татварыг улсад төлдөг гэсэн мэдээлэл авсан. Энэ мэдээлэл Татварын ерөнхий газрын нээлттэй мэдээллийн санд байгаа. Та бүхэн харах боломжтой. Төрийн худалдан авах ажиллагаанд миний хамаарал бүхий компани нэг ч удаа оролцоогүй.