Ерөнхийлөгч нарын амлалт ам нь алт, санаа салхи байх вий


Монголчууд бидэнд хамгийн ойрын сонгууль 2 жилийн дараа болно. Энэ сонгуулиар 6 жил ажиллах Төрийн тэргүүнээ бид сонгох учиртай. Тэгвэл Үндсэн хуулийг өөрчлөх замаар одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болоод өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга нарыг ахин нэр дэвших магадлалтай гэдэг хардлага саяхныг болтол олон нийтийн дунд байсаар ирсэн юм. Харин энэ хардлагад цэг тавьсан байр суурь ар араасаа гарч ирсэн нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийг тогтвортой байлгах санаачилга гаргаж, гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд энэ бичигт УИХ-ын гишүүн, экс Ерөнхийлөгч Х.Баттулга гарын үсэг зурсан нь тэрээр ахин төрийн тэргүүн болохын төлөө зүтгэхгүй гэдэг ойлголт төрүүлсэн байдаг. Үүний араас өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийг тогтвортой байлгах зарчим баримтална гэдгээ сануулсан билээ. Ингэснээр ахин төрийн тэргүүний суудалд санаархана хэмээн хардлага төрүүлж байсан 2 хүний тухай хардлага няцаагдлаа гэж харж болохоор байгаа юм. Үнэхээр тэд хэлсэн үгэндээ хүрвэл Үндсэн хуульд дахин гар хүрэхгүйгээр Монгол Улсын Ерөнхийлөгч 6 жилээр 1 удаа сонгогдоод явна гэсэн үг.

Гэвч Монголын улс төрийн өнгөрсөн түүхийг эргэн харвал улстөрчид хэлсэн амандаа хүрсэн тохиолдол тун цөөхөн байдгийг бид мартаж болохгүй. Үндсэн хуульд тэр бүр гар хүрч болохгүй зохицуулалт байдаг боловч эрх мэдлийн төлөөх тэмцэл нь 1992 онд батлагдсан эцэг хуульд 5 удаа өөрчлөлт хийхэд хүргэсэн байдаг.

Тодруулбал 1999 онд УИХ-ын чуулган, байнгын хорооны ирц бүрдэхгүй байгаатай холбоотойгоор Үндсэн хуулийг өөрчилж байсан түүх бий. Харин үүнээс ганцхан жилийн дараа 2000 онд дордуулсан гэгддэг 7 өөрчлөлтийг парламент хийсэн. Дордуулсан 7 өөрчлөлтийн тухай олон жил ярьж шүүмжилж байгаа улс төрийн эрх мэдлээ лавшруулах гэсэн оролдлогууд ч цөөнгүй гарч байсан нь нууц биш. 2008-2019 он хүртэлх 11 жилийн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг 7 удаа байгуулж байсан ч парламентын босго давж байгаагүй түүх байна. Оролдлого бүрд эрх мэдэлтнүүдийн улс төрийн ашиг сонирхол байсан. Тэр бүрийг хэлэлцээгүй учраас Үндсэн хуульд мөрөө бага үлдээжээ.

2019 онд Ерөнхийлөгчийг 6 жилд 1 удаа сонгох зохицуулалтыг баталгаажуулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Гэхдээ энэ өөрчлөлтөөр ганцхан Төрийн тэргүүнтэй холбоотой заалт өөрчлөгдөөд зогсоогүй юм. Эцэг хуулийн 16 зүйл заалтад өөрчлөлт оруулсан юм. Үүнээс хойш 2022 онд Засгийн газрын гишүүд давхар дээлтэй байх ёсгүйг хуульчилсныг Үндсэн хуулиас авч хаясан бол жилийн дараа буюу 2023 онд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, парламентыг 126 гишүүнтэй болгох зохицуулалтыг баталгаажуулжээ.

Энэ хугацаанд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болоод өөрчлөх гэсэн санаачилгууд нь бүгд эрх мэдэл, засаглалтай холбоотой заалтууд байсаар иржээ. Монголын засаг төрийн эрх мэдэлд гарсан улстөрчдийн түүхийг харвал сандал суудалтайгаа үргэлж зууралдсан, эрх мэдлээ тэлэх гэсэн оролдлогууд гол төлөв яригдаж, улс төрийн анхаарал татсан гол сэдвүүд байсаар ирсэн түүх ч байна. Хэлсэн ярьсан үг дуу, дүрс бичлэг нь байхад ч яриа нь 100 хувь өөрчлөгдчихсөн жишээ өнгөрсөн 30 гаруй жилийн түүхэнд олон бий.

Өдөр өдрийнхөө амьдралыг арай ядан залгуулж, амь зууж яваа монголчууд гэвч улстөрчдийн энэ богино хугацааны амлалтыг мартчихаад байдаг зантай. Талхны мөнгөө залгуулж ядаж байгаа иргэдэд тэмцэхээс илүү маргааш ажилтай байх нь чухал учир өөр сонголтгүй явж ирсэн нь бодит үнэн.  

2027 оны сонгууль болтол 2 жилийн зай байна. Сонгууль болохоос 6-хан сарын өмнө Сонгуулийн хуулиа өөрчилчихдөг түшээд Үндсэн хуулиа хөндөхгүй гэдэг амлалтыг хадгалж явахад даанч хол байгаа юм. Тиймээс улстөрчдийн хэлсэн үг, хийсэн үйлдлийг нь мартахгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуультай золгох үүрэг бидэнд байна. Алга урвуулахын хооронд өөрчлөгдчихдөг улстөрчдийнхөө амлалтыг биелүүлдэг болтол нь хэрсүү байцгаая, монголчууд аа!  

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *