Б.Дэлгэрсайхан: Сэхэ-Шивээхүрэн боомт ашиглалтад орох боломжтой боллоо


Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Улс төр гэхээсээ илүү Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй төсөл юм. Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн. Олон жил дуншсан Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замыг холбох ажил ямартай ч эхэллээ.Тендерт БНХАУ-ын төрийн өмчит хоёр компани орсноос “CRCC” корпорацын охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” хийж хэрэгжүүлэх юм.Тус компанийн захиралтай Ганцмод дээр уулзлаа.

Цаг алдахгүйгээр ажлаа хийж гүйцэтгэхээр тохирсон. Үндсэндээ бидэнд нэг өдөр ч үнэ цэнтэй. Төмөр замаа ашиглалтад оруулчихвал Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгдэх боломжтой гэж үзэж байна. Цаашид төмөр замынхан өөрсдөө тээврээ хариуцна. Анх гэрээ хийхдээ төмөр замын ашиглалтыг 50 50 хувь тэнцүү ашиглана хэмээх заалт оруулсан. Өмнө нь буруу зөрүү ойлголт байсан учраас гурван гэрээнээс гадна олон улсын гэрээгээ цогцоор нь хянасан. Тусдаа дахиад хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрт нэлээд нарийн заалтууд тусгаж өгсөн.

-Бүтээн байгуулалт тасралтгүй үргэлжилнэ гэж ойлгосон. Манай талаас шалтгаалах асуудал байгаа юу?

-Монголын тал олон жил хүлээж байгаад урагшлуулж байгаа учраас хил гааль бүхий л асуудлыг нэлээд бодож хийсэн. Ялангуяа орж ирж ажиллах хүчийг тусгай бүс байгуулж, ажлыг нь саадгүй явуулах талаар хил хамгаалах байгууллагад үүрэг өгсөн. Мэдээж явуулын гааль ажиллана. Орж ирэх зуурмагаас авхуулаад арматур гээд бүгдийг бүртгэж, дараа нь гаалийн бүрдүүлэлт хийж, аль болохоор бүтээн байгуулалтыг зогсоохгүй саад хийхгүй байх эрхзүйн зохицуулалтуудыг хийсэн. Зам тээврийн яам эдгээр ажлуудаас замын угсралт барилгын ажлаа л хариуцна. Долоон цогц ажлаас зарим нэг худалдан авах ажлууд бий. Тухайлбал, хил гаалийн тоног төхөөрөмж авах нь тухайн байгууллага, Сангийн яам өөрсдөө хариуцахаар хийхээр болсон. Зөвхөн барилгын ажилд л тендер зарласан.

-900 орчим тэрбум төгрөгийнхөө зардлыг хэзээ нөхнө гэж тооцоолсон бэ?

-Анх 979 тэрбум байсныг буулгаад 840 тэрбум төгрөгийн тендер зарласан. Жилд 30 сая тонноор бодоход 1-2 жилд өртгөө нөхнө гэсэн тооцоо бий. Төмөр зам бол хамгийн өртөг багатай тээврийн хэрэгсэл, төмөр зам холбогдчихвол өргөн царигаараа 30 сая тонн, нарийн царигаараа 10 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэж тооцож байгаа юм. Ганцмод барилгын ажил эхэлмэгц бусад боолтын хил холболтын ажлын хэлэлцээр явуулж эхэлнэ гэж хэлэлцээрт заасан. Үүний дагуу Сэхэ-Шивээхүрэн боомтын холболтын асуудал бол үндсэндээ 300 метрийн л зай бий. Уг 300 метрийг үргэлжлүүлээд энэ ажлынхаа араас шууд холбоно. Сая Ерөнхий сайд ширээний ард уг асуудлыг ярилаа. Энэ ажлыг үргэлжлүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Тиймээс Сэхэ-Шивээхүрэн боомт түрүүлээд ашиглалтад орох бүрэн боломжтой. Хамгийн гол нь бүтээн байгуулалтыг зогсоохгүй, ялих шалихгүй шалтгаанаар гацаахгүй байх бүх зохицуулалтыг хийсэн.

-Хятадын тал ТЭЗҮ гаргаад, өөрсдөө барих уу?

-Үгүй ээ, анхнаасаа монголчууд өөрсдөө барьсан. Тодруулбал, Сэхэ-Шивээхүрэнг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хил дотроо баригдсан нарийн царигийн байгууламж. Одоо бол хил дотроо холбоход 300-гаад метр үлдсэн. Бид газар дээр нь очиж үзсэн. Монголын компани өөрсдөө хийгээд холбочихоор ажил юм билээ.

-Төмөр зам ашиглалтад орсны дараа нүүрс тээврийн компаниудын эрх ашиг яригдана. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Бид нүүрсний экспортыг аль болох нэмэгдүүлэхээр зорьж буй тул авто тээврээр нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт ямар нэг харшлах зүйл байхгүй. Түрүүн Ерөнхий сайдын хэлсэн үгэнд бүх төмөр замыг холбосон ч төмөр зам, болон авто машинтайгаа нийлээд 165 сая тонн хүрнэ гэж дурдагдсан. Тиймээс авто тээвэрт харшлах зүйл байхгүй. Харин эсрэгээрээ авто тээвэр, төмөр зам хоёулаа л ажлын байртай байна гэсэн үг. Төмөр зам ашиглалтад орсноор өнгөрсөн жил бид 80 гаруй сая тонн нүүрс экспортолсон. 165 саяд хүргэнэ гэдэг өнөө маргаашийн ажил биш. Энэ бүтээн байгуулалтыг яаж ч шахаад 22 сард багтаан хийнэ хэмээн тохирч гэрээнд зурсан. 2-3 жилийн ажил байна. Гэхдээ Монгол, Хятад хоёр талаасаа аль болох хурдан барих нөхцөлийг бүрдүүлбэл, үүнээс илүү богино хугацаанд хийнэ гэж байгаа юм. Мөн төмөр зам ашиглалтад орсноор хил дамнасан биш, нэг талдаа 70 жилийн өмнө ашиглалтад орж байсан Замын-Үүд, Эрээний төмөр замтай ижилхэн байгууламж учраас урдаасаа ялгаа байхгүй, импортын ачаа авах боломжтой. Барилгын материалаас авхуулаад үйлдвэрийн тоног төхөөрөмж гээд хүний хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг урдаас авах боломжтой.

-Бүтээн байгуулалттай холбоотой төмөр замын шинэ агентлаг байгуулсан гэж сонссон?

-Төмөр замын агентлаг хуучин байсан. Монгол Улс олон төмөр замтай болж байгаа учраас дахин шинээр байгуулж байгаа юм. Тэгэхгүй бол Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн байгууллагынхаа харьяанд орчихоор эрх нь нөгөө талдаа орчхоод илүү давамгай байгаа болохоор энэ удаа өрсөлдөөний хууль, монополын эсрэг энэ асуудлыг шийдэх үүднээс Монголын төмөр замын агентлаг байгуулсан гэдгийг хэлье.

-Цаашид  Монгол Улсын төмөр замын салбарт тулгамдаж буй ямар асуудлууд байгаа вэ?

-Монгол Улсын төмөр замын салбарын хөгжилд гадаад, дотоод олон зүйлүүд  нөлөөлдөг. Дэлхийн эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж буй өнөө  үед бид маш хурдтай, мэдрэмжтэй байж төмөр замын салбараа хөгжүүлэх хэрэгтэй.  Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд төмөр замын салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлхийн бүхий л улстай эрх тэгш хамтран ажиллахыг эрмэлздэг. Тэр дундаа хоёр  хөрштэйгөө  хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна.  Энэ утгаараа юуны өмнө Монгол Улс болон хөрш орнуудтай ашиг сонирхол нийцэж байх учиртай. Эдгээр асуудлын зүй тогтлыг олж, бусад улс орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллаж чадвал төмөр замын салбарыг хөгжүүлэхэд гадаад талын нөлөөлөл харьцангуй бага байх юм. Дотоод хүчин зүйлийн хувьд олон  асуудал бий. Төмөр замын салбарыг хөгжүүлэхтэй холбоотой улс төрийн шийдвэрийг гаргуулахад маш хүнд. Төмөр зам гэдэг улсын эдийн засаг, хөгжлийн асуудалтай шууд холбогддог мега төслүүд учраас УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын асуудал гээд яривал тулгамдсан асуудал их бий. Гэхдээ Монгол Улс нэг үеэ бодвол өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан төмөр зам барьж болдог гэдгийг манай үндэсний компаниуд харуулж чадсан. Тэгэхээр төмөр замын салбарт  төсөл  хэрэгжүүлэхтэй холбоотой улс төрийн шийдвэрийг гаргаж, дээр нь хөрөнгө оруулалтыг нь  шийдчихвэл ямар ч  ямар ч төслийг манай үндэсний компаниуд, Монголын инженер техникийн ажилтнууд, ажилтан алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан  бие дааж гүйцэтгэх чадамжтай, ийм бололцоо дүүрэн бий.

Т.Батсайхан


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *