Дэлхийн 70 улс өнөөдөр Зөгийн өдрийг тэмдэглэж байна


Өнөөдөр Олон улсын зөгийн өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2017 оны 12 дугаар сард Словени улсын Зөгийчдийн холбооны санаачилгаар энэ өдрийг олон улсын тэмдэглэлт өдөр болгон зарлажээ. Зөгийн үржлийг судалж, орчин үеийн зөгийн аж ахуйн суурийг тавьсан Словенийн иргэн Антон Янша энэ өдөр мэндэлсэн аж.

Тоос хүртээгч амьтдыг хамгаалах, энэ асуудалд шийдвэр гаргагчид болон олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой энэ өдрийг Дэлхийн 70 орчим улс тэмдэглэдэг. Энэ өдөр ургамлын тоосны ач холбогдол, тоос хүртээгч шавжнуудад учирч буй аюул, тогтвортой хөгжилд оруулах хувь нэмэр, зөгий, зөгийн бүтээгдэхүүний ач холбогдол, ховордсон зөгийг хамгаалахтай холбоотой асуудлыг олон нийтэд таниулахыг улс орнууд чухалчилдаг.

Анх 1959 онд Б.Жамц, Г.Жалцав нар Буриадаас 20 бүл зөгий авчирч, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд нутагшуулжээ. Үүгээр манай улс анх зөгийн аж ахуйтай болсон түүхтэй. Одоо Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Архангай, Өвөрхангай, Булган, Завхан, Увс, Ховд, Орхон, Дархан-Уул зэрэг аймагт үржүүлж байна. Монголын зөгийчид нэг бүл зөгийнөөс жилд 7-14 кг бал авдаг аж. Манай улс 5-7 сая бүл зөгий үржүүлэх бэлчээрийн нөөцтэй. Ойт хээрийн бүсэд 43 овгийн 230 гаруй зүйлийн амтат, шүүст, тоост ургамал ургадгийг тогтоожээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *