Ромын папыг Вашингтонд айлчлахыг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч урьжээ


Даваа гарагт Ватиканд Ромын пап XIV Леотой хоёр талт уулзалт хийсэн АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс католик шашны тэргүүнийг Вашингтонд албан айлчлал хийхийг урьсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын Ромын папыг аль болох ойрын тохиромжтой хугацаандаа” Вашингтонд зочлохыг урьсан урилга бүхий албан захидлыг Ж.Д.Вэнс гардуулан өгснийг Цагаан ордон мэдээлжээ.

Католик шашны шинэ тэргүүн болон АНУ-ын Дэд Ерөнхийлөгч нарын уулзалт 45 минут орчим нээлттэй явагдаж, үргэлжлээд хаалттай байдалд шилжсэн байна.

Ватиканаас уг уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд хоёр тал АНУ, Ватиканы харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн гэжээ. Тус мэдэгдэлд “Эцэст нь ийнхүү мөргөлдөөнтэй бүс нутгуудад хүмүүнлэгийн болон олон улсын эрх зүйг хүндэтгэх, холбогдох талууд хэлэлцээрийн замаар мөргөлдөөнөө шийдвэрлэхийг дэмжихийг уриалж, олон улсын өнөөгийн тулгамдсан асуудлаар санал солилцлоо” хэмээн дурьдсан байна.

Уулзалтад оролцсон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ уулзалтаар шашны эрх чөлөө, сүм, төрийн хамтын ажиллагааны сэдвээр ярилцсан болохыг онцолжээ.

АНУ-Ватиканы хоёр талт уулзалтын үеэр харилцан бэлэг солилцсон байна. Ж.Д.Вэнс XIV Леод түүний төрөлх Чикаго хотын америк хөлбөмбөгийн “Chicago Bears” багийн өмсгөлийг хоёр ширхэг шашны номтой бэлэглэсэн бол Ромын пап АНУ-ын Дэд Ерөнхийлөгчид “Энх тайван бол хэврэг цэцэг юм” хэмээн итали хэлээр сийлсэн бичиг бүхий хүрэл баримлыг мөн шашны номтой хамт бэлэглэсэн байна.

Энэ сарын эхээр католик шашны тэргүүнээр сонгогдсон анхны америк хүнээр тодроод буй Ромын пап XIV Лео өмнө нь Вэнс болон Трампын засаг захиргааны цагаачлалын талаарх байр суурийг далд шүүмжилж байсан ажээ. Ватиканы дипломат харилцааг хариуцдаг Пол Ричард Галлахер мөн АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнстэй уулзаж хэлэлцсэн талаар Ватикан давхар мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *