Испанийн Ерөнхий сайд Израил улсыг “Eurovision”-д оролцохыг нь хориглохыг уриалав


Испанийн Ерөнхий сайд Педро Санчез өнгөрсөн долоо хоногт болж, өнгөрсөн “Eurovision” дууны тэмцээний талаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр Газын зурваст Израил улсын явуулж буй цэрэг, дайны үйл ажиллагаатай холбогдуулан Израил улсыг “Eurovision” дууны тэмцээнд оролцохыг нь хориглохыг уриалжээ.

Өнгөрсөн бямба гарагт зохиогдсон тус тэмцээний шувтаргын шатанд Израил улсын оролцогч Ювал Рафаэль хоёрдугаар байрт шалгарсан. Хамгийн сонирхолтой нь Испанийн үзэгчид Израилын дуучинд хамгийн өндөр буюу 12 оноо өгсөн юм.

Испанийн Ерөнхий сайд мэдэгдэлдээ ОХУ-ыг жишээ болгон дурьдаж, Орос 2022 онд Украинд халдан довтолсонтой холбогдуулан, тус улсыг “Eurovision” тэмцээнд оролцохыг нь хориглож байсныг тодотгоод, урлагт аль нэг улсыг нөгөөгөөс нь илүүд үзэх явдал байх ёсгүй хэмээн хэлсэн байна.

Педро Санчез мөн “Шударга бус дайнд нэрвэгдэж, хохирол амсаж буй Палестины ард түмэнтэй эв санааны хувьд хамт байгаа” гэдгээ илэрхийлж, “Испани улсын олон улсын хууль, эрх зүйг дагаж мөрдөх явдал, хүний ​​эрхийн төлөөх амлалт нь тогтмол бөгөөд уялдаатай байх ёстой” хэмээн тодотгожээ.

П.Санчезын тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн жил Палестин улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Мөн өнгөрсөн долоо хоногт Испанийн конгресст хэлсэн үгэндээ П.Санчез Израилыг “геноцид үйлдэгч улс” хэмээн нэрлэсэн байна.

Израил геноцид үйлдээгүй хэмээн эрс няцааж, Израилын ГХЯ П.Санчезын хэлсэн “ноцтой үг”-ийн улмаас тус улсад суух Испанийн Элчин сайдыг дуудуулж, албан ёсоор сануулга өгсөн ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *