АН, ХҮН-ээс салаад Л.Оюун-Эрдэнэ…


МАНХАН нурах нь мадаггүй боллоо. УИХ-ын өнгөрсөн сонгуулиар МАН 68 суудалтай болсон атлаа дангаараа Засгийн газраа байгуулалгүй, АН, ХҮН-ыг урьсан. Монголоо хамтарч хөгжүүлэх, ачаагаа хувааж үүрэх, ажлаа хамтарч хийх гэсэндээ биш. Сөрөг хүчний дуу хоолойг сөрөх гэсэндээ МАНХАН үүсгэж, дараагийн сонгууль хүртэл ямар нэг асуудалгүйгээр золгохоор төлөвлөсөн. Даанч бүтэлгүйтэв. Өөрөө бүдэрчхэв. АН-аас ирэх аюулыг холдуулж чадсан ч өөрийнхөө гутлын үдээсэнд бүдэрнэ гэдгээ тэр тооцсонгүй. Түүний аав багш хийсэн, тэр өөрөө галчаас Ерөнхий сайд болж чадсан, түүний хүү хэн болж буйг бид бүгд харж байна.

Одоо түүнийг хамтарсан Засгийн газрыг тараахыг намынх нь гишүүд шаардаж байна. АН-ын зарим гишүүн ч Засгийн газраас гарахыг намынхаа даргаас шаардах боллоо. АН-ынхан ч яах вэ, хүчтэй сөрөг хүчин байхыг анханаасаа хүссэн. Дарга нь л зөрүүдэлсэн болохоос.

МАН-ын гишүүд харин Засгийн газраас АН, ХҮН-ыг гаргахыг хүссэн нь өөр зорилготой. АН, ХҮН-ын сайд нарын суудалд өөрсдөө суухыг тэд анхнаасаа хүссэн. Гэвч Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө бодож, хамгийн удаан засагласан Ерөнхий болж, түүхэнд үлдэхийг хүссэн. Хүслээ ч гүйцээв. Одоо харин хамтралаа тараагаад, МАН дангаараа Засгийн газраа байгууллаа ч Л.Оюун-Эрдэнэд ирээдүй байхгүй.

Учир нь 126 гишүүнтэй парламентад 42-уулаа болсон АН танхимын 33%-ийг бүрдүүлж байгаа учир сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлнэ. Сөрөг хүчнийг үгүйлсэн, нэг намын дангаар ноёрхлоос залхсан сонгогчид энэ удаад АН-ыг хамаг байдгаараа дэмжин, УИХ-д 42 суудалтай болгосон. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ анхнаасаа тооцсон. Сонгуулийн санал хураалт дуусаагүй байхад л үр дүнг нь мэдэрч, Баянхонгорт гарсан хүн амины хэргээр халхавчлан, АН-ын даргатай тохироо хийсэн. Одоо МАНХАН нурвал Л.Оюун-Эрдэнэ орой дээр нь тогтож үлдэхгүй.

Үндсэн хуульд 2019.11.14-нд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 43 дугаар заалтыг сануулъя.

  1. УИХ-ын гишүүдийн ¼-өөс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах санал албан ёсоор тавибал УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.
  2. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

МАНХАН нурмагц УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулахаар хөдлөх магадлалтай. УИХ-ын 32 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах эрхтэй. АН-ын 42 гишүүн дээр ХҮН-ын 8, Үндэсний эвсэл, Иргэний зориг, ногоон намын 8-ыг нэмбэл 58 болно. Ингээд МАН-аас Л.Оюун-Эрдэнэд гомдолтой яваа 6 гишүүнийг талдаа татвал 64 гишүүний саналаар Засгийн газар огцрох юм. Түүнд гомдогсод хаанаас л бол хаанаас олдоно. Тэр ч үүнийгээ мэдэж байгаа.

Өөрөө огцрох хүсэлгүй, өрөөлөөр түлхүүлэхийг ч хүсэхгүй байгаа учир Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Удирдах зөвлөл, бага хурлыг хуралдуулах гэж байна. Энэ хурлаар хамтарсан Засгийн газрын хувь заяаг хэлэлцэнэ гэж байгаа ч Л.Оюун-Эрдэнэ үнэндээ АН-ыг аль намаар солих тухай, МАН даргаар засаг байгуулах тухай зэрэг хувилбар ярилцахаар төлөвлөжээ. АН-ын оронд Үндэсний эвсэл, Иргэний зориг, ногоон намтай хамтрах боломжийг энэ хурлаар хэлэлцүүлэх нь.

Гэвч эдгээр намыг яаж ч тордлоо ч нийлээд УИХ-д 8 гишүүнтэй. Тэднийг талдаа татлаа ч нам дотроос нь Л.Оюун-Эрдэнийг сөрөх хүн гарч ирвэл түүний Засгийн газар тэсэх боломжгүй. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй дүрмийн дагуу АН-ыг ямар ч эвсэл, намаар солиод Л.Оюун-Эрдэнэд нүүрлэсэн аюул арилахгүй.

Тэгэхээр АН, ХҮН-аас салж, МАН дангаар Засгийн газар байгуулахаар Л.Оюун-Эрдэнэ Удирдах зөвлөл, бага хуралдаа санал гаргана. Гэхдээ тэр нь болзолтой. Өөрийг нь сөрөхгүй, Засгийн газрыг унагахгүй байх баталгааг нам доторх “эсэргүү”-нүүдээсээ тэр гаргуулах бололтой. Эс тэгвээс МАНХАН хэвээрээ үлдэнэ гэж айлгана. Тэр бол МАН-ын дарга. Даргынхаа өмнөөс дарвалздаггүй дуулгавартай гишүүдтэй гэдгээрээ МАН алдартай. Дарга төвтэй энэ нам одоо ч хэвээрээ.

Л.Оюун-Эрдэнийн энэ тохироог хоолонд орохоор хүлээж буй хоёрдугаар ээлжийнхэн хүлээж авах нь тодорхой. Тэд бялуу идэхийг хүсэж яваа болохоос намын даргадаа хариуцлага тооцох гээгүй. Ийн МАН дангаар засгаа байгуулна. Эцсийн эцэст Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудалдаа үлдэхээр хамаг чадлаараа чармайж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *