Брюссель хотноо мягмар гарагт зохиогдсон ЕХ-ны гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа ЕХ-ны зүгээс Оросын эсрэг нэмэлт шинэ багц хориг арга хэмжээ авч байгаагаа зарлажээ.
ОХУ-ын эсрэг багц хоригийн талаарх мэдэгдлийг ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Каяа Каллас хийсэн байна.
ЕХ-ны шинэ хоригт 189 “сүүдрийн хөлөг онгоц”-уудыг багтаажээ. Эдгээр нь Оросын эсрэг авч хэрэгжүүлсэн хоригоос зайлсхийж, өөр улсын туг далбаан дор Оросын газрын тос болон байгалийн хийг далайгаар тээвэрлэдэг хууль бус ачааны усан онгоцууд бөгөөд ийнхүү ЕХ нийтдээ Оросын 350 орчим ачааны усан онгоцуудын эсрэг хориг тавиад байна.
Түүнчлэн зарим албаны хүмүүст хилийн хориг тавьж, хөрөнгийг нь царцаахаас гадна зэвсгийн үйлдвэрлэлд давхар ашиглах боломжтой бараа бүтээгдэхүүн болон технологийг ОХУ-д экспортлож, үүгээрээ Украины эсрэг түрэмгий дайн хийж буй Оросын зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлж буй 31 хуулийн этгээд, компани аж ахуй нэгжийн эсрэг хориг тавиад байгаа ба тэдгээрийн дунд Турк болон Вьетнам зэрэг гуравдагч улс орнуудад байрладаг компаниуд багтжээ.
Хэдийгээр ЕХ-ны энэхүү шинэ хориг нь Орос, Украины хооронд эхлээд буй гал зогсоох яриа хэлэлцээтэй давхцаж байгаа ч үүнтэй ямар нэгэн байдлаар холбоогүй, уг багц хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг 3 сарын өмнөөс эхлүүлсэн болохыг тайлбарласан байна.
Каяа Каллас мэдэгдэлдээ “ОХУ илтэд дайныг хүсэж байгаа бол Украин улс энхийг хүссэж байна. Тиймээс ОХУ-ын хүслийг өөрчлөхийн тулд бид тэдэнд илүү дарамт, шахалт үзүүлэх шаардлагатай байна” гэжээ.
ЕХ-ны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтын төгсгөлд мөн Газын зурваст явуулж буй цэрэг, дайны үйл ажиллагаагаараа хүний эрхийг ноцтой зөрчиж буй Израил улсын эсрэг мөн арга хэмжээ авч, тус улстай явуулж буй ЕХ-ны худалдаа болон хамтын ажиллагааны гэрээгээ цуцлах асуудлыг харж үзэхээ мэдэгдсэн бол Их Британи улс Израилтай явуулж байсан чөлөөт худалдааны яриа хэлэлцээгээ зогсоожээ. Үүний хариуд Израилын ГХЯ-ны зүгээс ЕХ-ны дээрх мэдэгдлийг няцааж буйгаа мэдэгдэж, Израил улсад тулгараад буй ээдрээтэй бодит нөхцөл байдлыг огт буруугаар ойлгож байна хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Түүнчлэн ЕХ-ны зүгээс дарангуйлагч Башар Ассадын засаглалыг унагасан Сири улсын эсрэг тавьсан эдийн засгийн хоригоо цуцлах шийдвэрийг гаргаснаа зарласан байна. Каяа Каллас мэдэгдэлдээ “бид Сирийн ард түмэнд шинэ, олон талт, энх тайвныг эрхэмлэсэн Сири улсыг бүтээн байгуулахад нь туслахыг хүсэж байна” гэжээ. Сирийн банкуудыг олон улсын банк санхүү, төлбөр тооцооны системээс хасч, төв банкных нь хөрөнгийг царцаагаад байсан хоригийг цуцласан явдалд Сирийн шинэ засгийн газрын гадаад хэргийн сайд Асаад аль-Шайбани талархал илэрхийлж, ЕХ-ны дээрх шийдвэр нь Дамаскт дэмжлэг үзүүлэх “олон улсын хүсэл”-ийг илтгэн харууллаа хэмээн мэдэгдэл хийсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Ойрхи Дорнодод албан айлчлал хийсэн АНУ-ын төрийн тэргүүн мөн Сирийн эсрэг хориг арга хэмжээгээ цуцлаж байгаагаа мэдэгдсэн билээ.