Дэлхийд тэргүүлэгч цахим хайлтын систем болох “Google”-ийн хайлтын системд цоо шинэ хиймэл оюуны чатбот нэмэгдсэн байна. “AI Mode” хэмээх энэхүү нэмэлт тохиргоог мягмар гаргаас эхлэн, АНУ-д хэрэглэх боломжтой. Үүнийг “Google”-ийн хайлтын цэсэнд сонголттойгоор тавьжээ.
Тус компани уг чатботоор хайлтын систем хэрэглэгчдэд яг мэргэжилтэнтэй харилцан яриа өрнүүлж буй мэт мэдрэмж төрүүлэхийг зорьж байгаагаа онцоллоо. Дээрх шинэ үйлчилгээг “Google” компани Калифорни мужийн Mountain View хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг програм хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр анх танилцуулсан. Энэхүү үйлчилгээ нь ChatGPT болон бусад хиймэл оюуны үйлчилгээг хөгжүүлэгч компаниудтай өрсөлдөх тус компанийн бодлого, төлөвлөгөөний нэг хэсэг болж байгаа ажээ.
“Google”-ийн толгой компани болох “Alphabet”-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай “Хиймэл оюуны Gemini чатботыг хайлтын системтэй нэгтгэж буй явдал нь хиймэл оюуны платформд шилжих шинэ үе шатыг илтгэх дохио боллоо” гэжээ.
Мөн “Google” компани нүдний шил үйлдвэрлэгч “Warby Parker” болон “Gentle Monster” компаниудтай хамтран, “augmented reality” буюу цахим орчин дахь бодит байдлыг мэдрүүлэх технологи бүхий камер, микрофон, чанга яригчтай нүдний шил гаргахаар төлөвлөөд байгаагаа мэдэгдсэн байна. Үүгээрээ мөн “Meta” болон “Ray Ban” компанийн хамтран гаргасан, хиймэл оюуны технологи бүхий нүдний шилтэй өрсөлдөхөөр төлөвлөжээ. Энэ оны эцсээр шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэх юм байна.