Хамтарсан засгийн газрын тэргүүн шадар сайд, АН-ын дарга Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ
Л.Гантөмөр: Ардчилсан нам засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй. Ардчилсан нам улсын эрх ашгаас хэзээ ч урвахгүй. Бид засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж байгаа. Ардчилсан нам засагт хамтарсан хугацаанд 2 удаа л завсарлага авсан.Тодруулж хэлэх юм бол бид гэрээгээ зөрчөөгүй.
–Нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах хуулийг хоёр дахь удаагаа өргөн барьж байна. Хэлэлцэхгүй байгаа шалтгаан бий юу ?
-Нийтийг хамарсан 1937 оны хэлмэгдүүлэлт шиг үйл явдал болох вий гэсэн болгоомжлол буй. Зүгээр мөрөөрөө явж буй хүмүүсийн хөрөнгө рүү дайрахгүй байх үүднээс маш сайн нягталсан. Бизнес рүү халддаг халдлагыг л таслан зогсоох гэж байгаа оролдлого юм.
–Хамтарсан засгийн газар 10 сарын хугацаанд ажиллалаа. Та хэр үр дүнтэй ажилласан гэж бодож байна ?
-Би бол бардам байна.Яагаад гэвэл шийдэгдэхгүй удсан хөгжлийн асуудлыг шийдсэн. Хамгийн олон жил маргасан хил холболтын асуудлыг бид шийдсэн. Газрын тосны үйлдвэрийн хөрөнгийг бид эцэслэлээ. Мөн Улаанбаатар хотыг утаагүй болгох нүүрс химийн үйлдвэрийн эхлэлийг тавьж чадсан. Ураны асуудлыг ч шийдлээ. Энэ бол монголын түүхэнд үлдэнэ. Харамсалтай нь өнөөдөр цэг тавих юм бол хөгжлийн төслүүд тасалдана.
–МАН-ын бага хурал засгаа дангаар байгуулъя гэж шийдвэл ямар нөхцөл байдал үүсэх бол ?
-Засаглалын хямрал ирэх нь тодорхой. Монголын төрийг засдаг эв эвийн орчин нь алдагдсан байсан үе рүүгээ буцаад очно. Тэр бол баталгаатай.МАН шийдвэрээ гаргаагүй байхад би олон юм яримааргүй байна. Хамтарсан засгийн газрын тэргүүн шадар сайд элдвийн юм яриад зогсож байж болохгүй. Энийг та бүхэн маань ойлгоорой. Үнэхээр шийдвэр нь гарах юм бол бид тэр үед нь үгээ хэлнээ. Эв Эе бол монгол төрийн их ухаан. Дайсагнал зодооноор монголын төрийн ажил цааш явахгүй. Ардчилсан нам ярихаас зугтаадаг нам биш.