ДЭМБ цар тахлын эсрэг олон улсын түүхэн гэрээ хэлэлцээрийг баталлаа


Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 вирусийн цар тахлын үеэр гарсан алдаа дутагдал, олон улсын хамтын ажиллагаа, хариу үйлдлийн доголдол, зохион байгуулалтгүй байдал, нөөцийн төлөөх өрсөлдөөн зэрэг эрсдлүүдээс зайлсхийж, ирээдүйд дэгдэж болзошгүй цар тахлын эсрэг тэмцэл, тандалт, хяналт судалгаа зэрэг олон улсын хамтын ажиллагааг нэгдмэл уялдаа холбоотой болгож, вакцины судалгаа болон хуваарилалтыг бүх улс орнуудад хүртээмжтэй болгоход чиглэгдсэн олон улсын гэрээг мягмар гарагт баталлаа.

Тус гэрээнд шинэ өвчний талаарх мэдээллийг улс орнууд маш түргэн хугацаанд хуваалцах, эрдэмтэн судлаачид болон эмийн компаниудад эмчилгээ, вакцин боловсруулахад илүү хурдан ажиллах боломжийг баталгаажуулах зэрэг хамтын ажиллагааны чухал зүйл заалтуудыг багтаан оруулжээ.

Швейцарийн Женев хот дахь ДЭМБ-ын төв байранд зохион байгуулагдаж буй тус байгууллагын чуулганы үеэр батлагдсан Pandemic Agreement буюу Цар Тахлын Гэрээний баримт бичгийг 3 жил хэлэлцсэний эцэст өнгөрсөн сард эцэслэн боловсруулсан байна.

Энэ нь ДЭМБ-ын 75 жилийн түүхэнд хоёр дахь удаагаа ийм төрлийн олон улсын хэлэлцээрт хүрсэн тохиолдол болсон бөгөөд анхных нь 2003 оны Тамхины хяналтын хэлэлцээр байсан юм.

Цар тахлын гэрээг Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганы үеэр санал хурааж, дэмжин баталсны дараагаар тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейсус 5-р сарын 20-ны өдрийг “түүхэн өдөр” хэмээн онцолж, тус гэрээг бүх нийтийн эрүүл мэнд, шинжлэх ухаан, олон талт хамтын ажиллагааны ялалт хэмээн тодорхойлж, гэрээг баталснаар улс орнууд хамтдаа ирээдүйд гарч болзошгүй цар тахлын эсрэг тэмцэж, дэлхийн ертөнцөө илүү дээр хамгаалж чадахаар боллоо гэжээ.

Уг гэрээний гол цөм болсон нэг санаачлага бол патоген буюу эмгэг төрүүлэгчийн мэдээлэлд нэвтэрч, хуваалцах систем (PABS – Pathogen Access and Benefit-Sharing) бөгөөд энэ нь ирээдүйд гарах цар тахлын үеэр эмийн компаниуд хоорондоо илүү хурдан мэдээлэл солилцож, шинэ эм бэлдмэл дээр илүү хурдан ажиллах боломжийг олгох ажээ.

Гэрээнд нэгдэн орсон улс орнууд 2026 оны 5-р сар хүртэл дээрх эмгэг төрүүлэгчийн мэдээлэлд нэвтэрч, хуваалцах механизмын нарийн ширийн асуудлыг задлан хэлэлцэж, нэгдсэн тохиролцоонд хүрэх үүрэг хүлээгээд байна. Дээрх механизмын асуудлаар эцсийн нэгдсэн тохиролцоонд хүрсний дараа улс орнуудын засгийн газар Цар Тахлын Гэрээг соёрхон батлах бөгөөд дэлхийн 60 улс орон соёрхон батласан тохиолдолд цар тахлын эсрэг олон улсын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхлэх учиртай.

Энэхүү гэрээнд томоохон үүрэг гүйцэтгэх боломжтой АНУ-ыг ДЭМБ-аас гаргах шийдвэрийг тус улсын ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөж, үүрэгт албандаа орсон даруйдаа гаргасан бөгөөд ДЭМБ-ын гишүүнчлэлийг цуцлах үйл явц нэг жилийн хугацаанд үргэлжилдэг юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *