Бразилын Дээд шүүхэд Ерөнхийлөгч асан Ж.Болсонарог шүүх хурал эхлэв


2022 оны сонгуулийн дүнг эсэргүүцэж, төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт буруутгагдаад буй Бразилын Ерөнхийлөгч асан Жайр Болсонарогийн гэм бурууг шүүх хурал энэ долоо хоногийн даваа гарагт Бразилын дээд шүүхэд эхлээд байна. Хоёр долоо хоног үргэлжлэх шүүх хурлын эхний шатанд дээрх хэрэгтэй холбоотой 80 гаруй гэрчийн мэдүүлгийг сонсоно. Тэдний дунд тухайн төр засгийн өндөр албан тушаалтнууд болон цэрэг, тагнуул, батлан хамгаалах салбарын төлөөллүүд багтаж байгаа юм.

Жишээ татахад даваа гаргийн сонсголын үеэр армийн коммандлагч асан, генерал Марко Антонио Фрейре Гомес, агаарын зэвсэгт хүчний коммандлагч асан Карлос де алмейда Баптиста Жуниор нарыг байцааж, мэдүүлгийг нь сонссон байна. 

Төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт буруутгагдаад буй, өдгөө 70 настай хэт барууны үндсэрхэг үзэлт Бразилын экс Ерөнхийлөгч Ж.Болсонаро уг хуралд Бразилын хөлбөмбөгийн шар өнгийн өмсгөлтэй ирж оролцсон байна.

Прокурорууд түүнийг 2022 оны 10-р сард явагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд ялимгүй зөрүүтэй саналаар ялагдал хүлээснийхээ дараа Төрийн тэргүүний эрх мэдэл, албан тушаалдаа үлдэхийн тулд улс орон даяар онц байдал зарлаж, шинэ сонгууль явуулах төлөвлөгөө боловсруулж, үүндээ “гэмт хэргийн шинжтэй бүлэглэлийн үйл ажиллагааг” зохион явуулж, тухайн үед ялалт байгуулсан өрсөлдөгч буюу одоогийн Төрийн тэргүүн Луиү Инасио Лула да Сильва, тухайн үеийн Дэд Ерөнхийлөгч Жеральдо Алкмин, шүүгч Де Мораес нарын амь насанд халдах төлөвлөгөөний талаар мэдэж байсан хэмээн буруутгаж байгаа ажээ. Төрийн эргэлт хийхийг оролдсон хэмээн буруутгаж буй дээрх хэргийн талаар Бразилын цагдаагийн байгууллагын мөрдөн шалгаж, цуглуулсан 900 хуудас бүхий тайланг прокуроруудад байгаа юм. 

Хэрвээ түүнийг буруутай гэж үзвэл олон жил шоронд хорих ял сонсох юм. Тодруулбал, дээр дурьдсан хэргүүдэд буруутай нь шүүхээр тогтоогдвол тэрээр дээд тал нь 40 хүртэл жилийн хорих ял авч магадгүй байна. 

Ж.Болсонаро өөрийгөө дээрх хэрэгт ямар ч оролцоогүй хэмээн няцаасаар ирсэн бөгөөд түүний эсрэг үүсгэсэн хэргийг “улс төрийн зорилготой хяхалт, хавчлага” хэмээн тодорхойлсон юм. Тэрээр Бразилын сонгуулийн цахим системийг үндэслэлгүйгээр шүүмжилснийхээ төлөө 2030 он хүртэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болсон билээ.

Хоёр долоо хоног үргэлжлэх сонсголын шатны дараа шүүх хурал ирэх саруудад яллагдагчаас мэдүүлэг авч, дараа нь прокурорын дүгнэлт, өмгөөлөгчдийн эцсийн тайлбараар үргэлжлэн явагдаж, төгсгөлд нь дээд шүүхийн 5 шүүгч Ж.Болсонарог буруутай эсэхийг санал хураан шийдвэрлэх болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *