ОХУ, Украины хоорондох техникийн түвшний яриа хэлэлцээ ирэх долоо хоногт Ватиканд явагдаж магадгүй байна.
Энэ талаар Финландын ерөнхийлөгч Александр Стубб лхагва гарагт дотоодын Yle телевизийн сувагт ярилцлага өгөхдөө ярьсан байна.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт Турк улсад явагдсан Орос, Украины хоорондох энхийн яриа хэлэлцээний эхний шатны араас Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй утсаар ярилцсаныхаа дараа ийнхүү Ватиканы талаар цухалзуулжээ.
А.Стубб мөн АНУ-ыг хоёр талын хоорондох зуучлагчийн үүргээсээ ухраагүй бөгөөд Европ гал зогсоох хэлэлцээрт улам бүр оролцож эхлээд байгааг онцолсон байна.
Эргэн сануулахад, энэ сарын 16-ны өдөр Орос, Украины өндөр дээд албан тушаалтнуудын хооронд 3 жилийн дараах анхны энхийн хэлэлцээ явагдсан. Дорвитой үр дүн гараагүй ч тэд харилцан олзны цэргүүдийг солилцож, мөн ахин уулзахаар тохирсон юм.
Тэгвэл энэ долоо хоногт католик шашны шинэ тэргүүн, Ромын Пап XIV Лео хоёр талын хоорондох яриа хэлэлцээг Ватиканд явуулах саналыг тавин гарч ирсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхлээд байна. Түүний хувьд дан ганц Орос, Украины дайн гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрд үргэлжилж буй хямрал, зөрчлийг энхийн тайван замаар шийдвэрлэхийг уриалаад байгаа юм. Италийн ерөнхий сайд Жиоржиа Мелони ч мөн дээрх саналыг дэмжиж байгаагаа цухас мэдэгдсэн.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин түүнд Ромын Папаар сонгогдсон явдалд нь баяр хүргэсэн мэндчилгээг илгээсэн бол Украины ерөнхийлөгч В.Зеленский өнгөрсөн ням гарагт Ватиканд Ромын Паптай биечлэн уулзсан билээ.