НҮБ-ын хүнсний тусламж бүхий 93 ачааны машин Газын зурваст нэвтэрсэн ч оршин суугчдад тараагдаж эхлээгүй байна


Энэ долоо хоногийн мягмар болон лхагва гарагт НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж бүхий 93 ачааны машин Газын зурваст нэвтрээд байгаа боловч бүс нутгийн оршин суугчдад хараахан тараагдаж эхлээгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлээ.

Израилын ерөнхий сайдын алба болон зэвсэгт хүчний зүгээс 2 сарын хагасын дараа Газын зурваст хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг зөвшөөрсний дараа ийнхүү НҮБ-ын хүнсний тусламж Газад нэвтрээд байна.

Өнгөрсөн хугацаанд Газын зурвасын оршин суугчид өлсгөлөнд нэрвэгдэж, хүмүүнлэгийн хямрал бий болох нөхцөл байдал үүсэж, олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Израилд дарамт шахалт үзүүлж эхэлсэн юм.

Палестины эрх баригчдын зүгээс мэдээлснээр 3-р сараас хойш үргэлжилсэн хүнсний хомсдлын улмаас 58 хүн тэжээлийн дутагдалд орж, амиа алдсанаас гадна мөн тэжээлийн дутагдлын улмаас 300 гаруй жирэмсэн эх зулбаад байгаа гэжээ.

Түүнчлэн өдөр бүр олон зуун хүн өлсгөлөнгийн улмаас амиа алдах эрсдэлд амьдарч байгаа бөгөөд хүмүүсийн амь насыг аврахын тулд Газын зурваст өдөр бүр хүмүүнлэгийн тусламжийн 500 ачааны машин нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.

Харин Израилын зүгээс өлсгөлөнд нэрвэгдэхээргүй хэмжээний л хүнсний тусламжийг нэвтрүүлэхээ мэдэгдсэнээс гадна хоол хүнсийг оршин суугчдад тарааж, хуваарилах төвүүдийг байгуулна гэдгээ өмнө нь мэдэгдсэн юм.

Дээр нь мөн Израилын зэвсэгт хүчин Хамас бүлэглэлийн эсрэг Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд лхагва гарагт л гэхэд Израилын довтолгооны улмаас Газын зурваст 20 гаруй хүн амь үрэгдсэнийг Палестины хэвлэлүүд мэдээлжээ.

Харин Катар улсад үргэлжилж байгаа талуудын хооронд гал зогсоох асуудлаарх яриа хэлэлцээ ямар ч үр дүнгүй үргэлжилсээр байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *