БНХАУ-ын Аньхуй мужид байрлах Хятадын Мин гүрний үеийн, олон зуун жилийн настай эртний томоохон цайзын дээвэр нурж унасан байна.
Тухайн цайзын дээврийн олон зуун хавтанцар доошоо нурж унаж буй гар утасны дүрс бичлэгүүд нийгмийн сүлжээнд тархсан бөгөөд энэхүү үйл явдал орон нутгийн цагаар даваа гарагийн 18:30 цагийн орчимд болжээ.

Хятадын Фэнянь тойргийн Соёл, аялал жуулчлалын товчооны зүгээс гаргасан албан ёсны мэдэгдэлд цайзын дээвэр нурсны улмаас хүний амь нас үрэгдэж, бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй болохыг мэдээлсэн байна.
Хятаддаа хамгийн томд тооцогддог “Хэнгэрэгт цамхаг” хэмээх тухайн цайз 1375 онд Мин гүрний үед баригдаж байсан ба хамгийн сүүлд 1995 онд их засварт орж байсан ажээ.
Бээжингийн эрх баригчдын зүгээс цайзын дээвэр гэнэт нурсан шалтгааныг олж тогтоох мөрдан шалгах ажлыг эхлүүлээд байгааг мэдэгдсэн байна. Энэ хүрээнд мөн цайзын засварын зураг төсөл, барилгын ажлын талаар давхар авч үзэх болно гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Дотоод, гадаадын жуулчдын очих дуртай газруудын нэг болох тус цайзыг засварын хугацаанд хааж, үйл ажиллагааг нь түр зогсоохоор болсон бөгөөд дахин нээгдэх товыг хожим зарлахаар болсон байна.