МСБХ-ны Үндэсний дээд лиг 96 өдөр 241 тоглолт үргэлжилж шилдгүүдээ шалгарууллаа. Энэ улирлын аварга багаар 21 жилийн түүхтэй, Лигийн 8 удаагийн аварга Хасын Хүлэгүүд түрүүлж аваргын цомоо дахин нэгээр нэмлээ. Ингэснээр Хасын Хүлэгүүд баг 9 дэх аваргын эзэд боллоо. Мөн хоёр жил дараалан аваргаа хамгаалж буй гэдгээрээ онцлог юм. Энэ баг хоёр жил дараалж аварга хамгаалахад зөвхөн тамирчид сайн байхаас гадна дасгалжуулагч арын алба, менежмент сайн байсан гэж сагсан бөмбөгийн хүрээллийнхэн ярьж байна.

Хасын Хүлэгүүд баг финалын шатанд Бишрэлт Металл багтай таарч 4:2-ын харьцаатай ялалт байгуулсан. Бишрэлт Металл багийн хувьд сүүлийн гурван жил дараалан финалдсан ч аварга авч чадаагүй гэдэг тааруу амжилт тэднийг дагасаар байна. Мэдээж энэ улирал тамирчдын хувьд тэр тусмаа Хасын Хүлэгүүд, Бишрэлт Металл багийн хувьд урт улирал байлаа. Хоёр баг Азийн “BCL” лигт оролцож тамирчид маш их ачаалал авсан. Үүний уршгаар олон тамирчид бэртэл авсан нь финалын тоглолтод нөлөөлөв. Энэ талаар тоглогчдын байр суурийг хүргэж байна.
Д.Мөнхтүвшин: Маш их баяртай байна. Аварга авах амархан аваргаа хамгаалах маш хэцүү гэдэг. Сүүлийн жилүүдэд ч гэсэн аваргаа хамгаалсан баг байхгүй байлаа. Би 2012 онд Баянзүрх Буллс багт хамгийн анхны аваргаа авч байсан. Тэрнээс хойш өнгөрсөн жил 12 жилийн дараа аварга авсан. Би өөрийгөө үнэлэхдээ Хасын Хүлэгүүд багийн хамгийн том өрсөлдөгч байдаг гэж боддог байсан. Тэгээд О.Сэргэлэн, Б.Билгүүн найз нартайгаа санал нийлээд цаашид үргэлжлүүлээд хамт тоглоё гээд нэг багт нэгдэж байсан. Би өмнө О.Сэргэлэн, Б.Билгүүн хоёртой лигийн хэмжээнд нэг багаас тоглож байгаагүй. Тэгээд хоёр найзтайгаа хамтраад хоёр жил дараалж аварга авсандаа үнэхээр их баяртай байна. Металл багийн залуучуудаар бахархаж байна. Тэд үнэхээр бууж өгдөггүй. Юу ч болж байсан тэмцдэг. Энэ залуучууд залуу байгаа маш том ирээдүй хүлээж байгаа. Та нар битгий бууж өгөөрэй.

Т.Ууганбаяр: Аваргын цомын төлөө 7,8 жил явж байна. Одоог хүртэл авч чадаагүй байна. Аварга авах хэцүү байдгийг та хэд ч харж байна. Бид ч мэдэрч байна. Зүгээр нэг баг авчихдаггүй гэдгийг маш сайн ойлгож, ухаарлаа. Мэдээж ирэх жил бүрэлдэхүүн маань сайжраад илүү хүчтэй эргэн ирж аваргын төлөө дахин дайралт хийнэ ээ.

А.Энхбаясгалан: Маш хүнд финал байлаа. Голоор нь бэртэл, гэмтэл их авлаа. Хүлэгүүд бол маш хүчтэй баг. Багийн систем, хамгаалалт, довтолгоо бүгд жигд дээрээс нь нурууны өндөр бид нараас хамаагүй илүү өндөр давуу талтай байлаа. Бид яг энэ байгаа бүрэлдэхүүндээ хангалттай тоглож чадсан гэж бодож байна. Манай багийн хувьд гурван жил дараалаад мөнгө медаль хүртчихсэн байна. Ер нь аварга авахад маш хэцүү аварга авч үзээгүй байгаад байгаа. Аварга авахын тулд багийн тамирчид арын алба дасгалжуулагч гээд бүх хүмүүс сайн ажиллаж байж аварга авдаг юм байна.

Б.Билгүүн: Хувийн 6, Хүлэгүүд багийн 9 дэх аварга нь болж байна. Маш их баяртай байна. Миний хувьд гуяны бэртэлтэй байгаа. Магадгүй тоглолт гарвал талбайд гарна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Өнөөдөр 6 дахь тоглолтоор тоглолт дууссан болохоор илүү их амралт авах боломжтой боллоо гэж харж байна.

Үндэсний дээд лиг энэ хүрээд өндөрлөсөн ч Хасын хүлэгүүд багийн ажил дуусаагүй. Тэд үргэлжлүүлэн Зүүн Азийн Супер Лигт тоглох анхны Монгол багаар тодроод байгаа билээ. Энэ улирлын нэг онцлог нь BCL-д монголын хоёр баг тоглосон явдал байв. Баг, тамирчид олон цагийн нислэг хийж ачаалал авч байгаа ч энэ бол ухрах ёсгүй зам. Азийн томоохон лигүүдэд оролцож байж Монголын сагсан бөмбөгийн хөгжил дараагийн түвшинд хүрнэ. Ялангуяа Б.Билгүүн, Т.Санчир зэрэг олон тамирчны мөрөөдөл байсан энэ лигт одооноос залуучууд оролцоод тоглож буй нь бидэнд ямар том боломж бололцоо байгааг харуулж байгаа юм. Тиймээс шинэ түүхийн эхлэл болгож Хасын Хүлэгүүд баг Зүүн азийн супер лигийн тоглолтод оролцох гэж байна. Тэд эхний шатанд 6 дараалан хожиж хэсгээсээ нэгээр гарсан бол энэ сарын 30, 31-ны өдөр “M Bank arenad” тун чухал тоглолтыг Монголчуудынхаа өмнө хийнэ.
Харин МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-25 оны улирлын финалын MVP тоглогчоор Хасын Хүлэгүүд багийн импорт тоглогч Ian Miller тодорсон. Түүний хувьд финалын цувралд 19.5 оноо, 3.0 самбар, 4.0 оновчтой дамжуулалт дунджилсан юм.
