Украины парламентын гишүүн асан Испанид буудуулан нас баржээ


Өмнө нь Украины экс-ерөнхийлөгч Ю.Тимошенко-гийн намаас парламентад сонгогдон ажиллаж байсан, мөн экс-ерөнхийлөгч В.Януковичийн засаг захиргаанд ахлах албан тушаал хашиж байсан Украины улс төрч Андрей Портнов Испани улсад буудуулан нас барсан болохыг тус улсын эрх баригчдын зүгээс батлан мэдэгджээ.

Тэрээр Испанийн нийслэл Мадрид хотын ойролцоох Позуэло де Аларконд байрладаг Америк сургуульд хүүхдүүдээ өгчихөөд, сургуулийн автомашины зогсоолд тавьсан машин руугаа алхаж явахдаа буудуулан амиа алдсан байна.

Хэргийн газрын гэрчүүдийн мэдүүлснээр халдлагыг туранхайвтар биетэй, цэнхэр өнгийн бэлтгэлийн хувцастай, үл таних эрэгтэй үйлдсэн бөгөөд хохирогчийг 5-6 удаа буудсаныхаа дараа тэрээр ойролцоох мод ихтэй ой руу гүйж, хэргийн газрыг орхин зугтаасан гэжээ.

51 настай Андрей Портновыг амь насанд халдсан хэрэг явдал орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөөний 09:15 минутад гарчээ.

Испанийн цагдаагийн газраас хэргийн газрыг битүүмжилж, сэжигтэнг эрж хайх ажилд дрон болон нисдэг тэрэг ашиглан ойр орчмыг хэдэн цагийн хугацаанд самнасан боловч амжилтгүй болсон байна.

Түүнчлэн Андрей Портновыг буудан хороосон хэргийн сэдэл, шалтгаан тодорхойгүй байна. Хэргийн газарт дуудагдсан ирсэн түргэн тусламжийн зүгээс А.Портновын ар нуруу болон толгойн тус газарт олон удаа буудсан болохыг мэдээлсэн бөгөөд түүний цогцост задлан шинжилгээ хийхээр болжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *