Хэтийдсэн тансаглал, хэлсэн үг, хийсэн хуулиасаа болоод Л.Оюун-Эрдэнэ огцрох нь тодорхой боллоо. Бизнес хийж үзээгүй атлаа бэл бэнчин ихтэй энэ хүн гутлынхаа үдээсэнд бүдрэв. Яг үнэндээ энэ бол баялгийн хуваарилалттай холбоотой асуудал. Хэн нэгний оролцоогүй, байгалийн бий болгосон баялгийг хэн нэг хүн ганцаараа, хэдэн гэр бүл хэдүүлхнээ хувааж идэх ёсгүй. Тэр үүний төлөө тэмцсэн. Тэр нь зөв байсан, ард түмэнд ч таалагдсан. Гэвч байгалийн баялгийг л авч, ард түмэнд өгөх ёстой болохоос хүний компанийг булааж, төрд авч болохгүй. Л.Оюун-Эрдэнэ үүн дээр л алдаа гаргаж, алдаагаа засалгүй явсаар, эцэстээ огцрох дээрээ тулаад байна.
Тэр унах ч яах вэ. Ерөнхий сайд болох хүн ямар мундах биш. Ер бусын олон хүн гараа өргөөд, өрсөлдөж байгаа. Гол нь тэр хүн баялгийн сангийн хуваарилалтад гарсан алдааг бушуухан засаад, цаашаа хурдан явбал ард түмэнд ашигтай. Үүнийг л хүсэх байна.
УИХ 2024.04.19-нд Үндэсний баялгийн сангийн тухай хууль баталсан. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын онцгой ажлын 1 байлаа. Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн 3 сангаас үндэсний баялгийн сан бүрдэнэ.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад, үлдсэн мөнгөний 65%-ийг Ирээдүйн өв санд хийнэ. Тэгвэл төр уул уурхайн компаниудынхаа ноогдол ашгийг Хуримтлалын санд хуримтлуулна. Одоо төр стратегийн 16 ордын 7-г нь эзэмшдэг. Эдгээр ордын ашгаас төрд ноогдох бүх ашгаа Хуримтлалын санд хийнэ гэсэн үг. Үүний дагуу энэ санд 2024 оны ноогдол ашиг 500 тэрбум төгрөг орж ирэн, 5000 айлыг орон сууцны зээлд хамруулах мөнгөтэй болсон юм.
Тэгвэл стратегийн 9 орд хувийн компанид бий. Эдгээр ордын 34%-ийг төрд авахаар Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд тэмцэж ирлээ. Харин хувийн компаниуд 34%-иа өгөхгүй гэсэнгүй. “Ачит-Ихт” компаниас эхлээд бүгд л 34%-иа өгье гэж мэдэгдсэн. Гэвч Л.Оюун-Эрдэнэ өгсөнгүй гэж сөргөөд л, өнгөрсөн хугацаанд нэлээд юм боллоо. Өнөөдүүл нь “Өгье” гээд байхад л “Өгсөнгүй” гэж Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар ард түмэнд ховлоод л, “Өг” гэж мэдэгдэл хийгээд л…
Ард олон үүний учрыг ойлгосонгүй. Дэмий л гайхан харж, дээгүүрээ ямар нэг юм булаацалдаад байгааг л гадарлаж байна. Тэгвэл энэ бүхний цаана ямар учир байв. Стратегийн 9 орд гэдэг бол хувийн 16 компани гэсэн үг. Стратегийн ордын 34%-ийг төр авна гэдэг нь хувийн компанийн 34%-ийг авна гэсэн үг. Миний, чиний компанийн 34%-ийг төр авна гэвэл май гээд өгөх үү? Үгүй л байхгүй юү.
Төрийн төлөөлөл гээд хэдэн хүн компанийн маань ТУЗ-д орж ирээд, дураараа дургина. Ажилд саад болно. Хувийн компанийг төрийн компани болгож хувиргана. Л.Оюун-Эрдэнийн томилсон БЭТ гэгч нөхөр компанийн байранд орж ирээд, 1 өрөө эзэлж суучхаад, дуртайгаа дуудан зааварлах гэж үзнэ. Загнах гэж даварна.
Ийм учраас стратегийн орд эзэмшигч компаниуд 34%-иа төрд өгөхөөс татгалзаж байгаа юм. Тэдний зөв л дөө. Төр гэхээр л юм бүхэнд хутгалдаж, хаа сайгүй гараа дүрэх ёсгүй. Төрийн өмчит компаниудыг хувьчил, цөөл гэж шаардаад байхад л Л.Оюун-Эрдэнэ 16 компаниар нэмэх гэж зүтгэж байна.
Үүн дээрээ Засгийн газар, хувийн компаниуд хоорондоо хэл амаа ололцож чадахгүй байсаар эцэстээ Л.Оюун-Эрдэнийг огцруулахаас өөр аргагүй болж байна. Өөрөөр нь хуулийг нь засуулж чадахгүй байгаа учир өөрийг нь сольж, өөр хүнээр Үндэсний баялгийн сангийн хуулийг өөрчлүүлэх сонголтыг хувийн компаниуд хийчихлээ. Аргагүйдсэн арга л даа. Асар их хүч, хөрөнгө, хугацаа зарцуулах шиг боллоо.
Гэтэл Л.Оюун-Эрдэнэ “Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргавал би өөрөө огцорно” гэж намынхандаа мэдэгдсэн гэнэ. Үнэндээ бол Л.Оюун-Эрдэнэ, хувийн 16 компанийн хоорондох энэ тэмцэлд АН ямар ч хамаагүй. МАН-ын бага хурлын гишүүд зүгээр л намынхаа даргыг Ерөнхий сайдын суудлаас огцруулж чадахгүйдээ л АН-аар туг тахих гэж байна. Ерөнхий сайд ч үүнийг мэдэж байгаа. Тиймээс ч засагт өөрийнхөө амаар урьсан АН-ыг авч үлдэхээр хичээж байна. АН-ыг өмнөө баривал өөрийг нь үлдээж магадгүй гэж тооцсон бололтой. Эсвэл өөрөө огцорлоо гэснээс АН-ыг өмөөрөөд огцорлоо гэвэл нэрэнд нь цэвэр гэж тооцсон байж ч болох юм.
Энэ удаад Л.Оюун-Эрдэнэ үлдлээ ч стратегийн орд эзэмшигч 16-гаас ирэх эсэргүүцэл зогсохгүй. Тэр хэрээр Ерөнхий сайд амар заяа үзэхгүй. МАН-ын нэрэнд ч халтай. Дахиад бүтэн жил ингэж тэмцэлдэхэд л 2026 он болж, 2027 онд явагдах Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дэвшигч өөдтэй санал авахгүйд хүрэх эрсдэл үүснэ.
Тэгэхээр энэ удаад МАН Ерөнхий сайдыг сольж, дараагийн Ерөнхий сайд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-д өргөн барьж таарна. Уг хуульд одоо байгаа стратегийн ордын 34% гэдэг заалтыг авч, оронд нь АМНАТ-ын хэмжээг олигтойхон нэмэхэд л бүх юм байр байрандаа орно. Олон улсын жишиг ч ер нь ийм. Татвар, хураамжаа ахиухан аваад, Хуримтлалын сандаа хуримтлуулахад л баялгийн хуваарилалт голдиролдоо орно л доо, уг нь.
2 responses to “Л.Оюун-Эрдэнэ огцорвол юу болох вэ”
Chi hen bolood yu bicheed bnaa? Ugaasaa huuli husaar avsan zuiliig chin medeed erguulj ug geheer huviin yum hulaalaa gehuin tegvel anhnaasaa turuin yum bulaasab huvi baij boldog yumu?
Засаг огцорвол юу болохыг өнөөдрөөс харж байна. Бензиний үнэ 200 төгрөгөөр нэмэгдэх болов
Энэ бол эхлэл нь. Ард түмэнд очих байсан баялаг хэдэн баячуудад очно. Ард түмэн ядуу хэвээрээ үлдэнэ. Засгаа огцоруулбал сайхан болно гэж гарын үсэг зурсан АН Баярмаа, Лодойсамбуу, Цэнгүүн нар Хүн Золжаргал нар жаргах уу