Путин дайнаа зогсооход бэлэн биш байгааг Д.Трамп Европын удирдагчдад хэлжээ


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Путиныг Украинд эхлүүлсэн дайнаа зогсооход бэлэн биш байгаа талаар Европын удирдагчдад хэлсэн байна. Энэ талаар Америкийн “Wall Street Journal” сонин лхагва гаргийн дугаартаа хэд хэдэн эх сурвалжийг дурьдан мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай 5-р сарын 19-нд утсаар ярилцсаныхаа дараа мөн өдөр Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Италийн Ерөнхий сайд Жиоржиа Мелони, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Финландын Ерөнхийлөгч А.Стубб, ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антонио Коста нартай утсаар ярилцах үеэрээ “ОХУ-ын Ерөнхийлөгчийг дайнаа зогсооход бэлэн биш байгаа. Учир нь тэр Орос улс энэ дайнд ялж байгаа хэмээн бодож байгаа” гэжээ.

Путинтай утсаар ярилцсаны дараа Д.Трамп Москва-Киевийн хооронд зуучилж буй ажлаа зогсоож ч болзошгүй талаараа цухалзуулаад амжсан билээ. Украины дайныг зогсооход чиглэсэн олон үйл ажиллагааг АНУ тасралтгүй явуулж байгаа ч ОХУ-ын талаас, В.Путины зүгээс гал зогсоох болон энхийн гэрээ хэлэлцээр байгуулах тал дээр төдийлөн хөдөлж өгөхгүй байгаа юм.

Ажиглагчдын үзсэнээр ОХУ гал зогсоох асуудалд нааштай, эерэг байр суурь илэрхийлж байгаа хэрнээ дайны үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой харагдаж байгаа ажээ. 3-р сарын 11-нд анх Вашингтоноос санал болгосон ямарваа нэгэн болзолгүйгээр 30 хоног гал зогсоох саналыг Украин улс зөвшөөрсөн бол ОХУ хүлээж авахаас татгалзаж, галын шугаман дахь довтолгоогоо үргэлжлүүлсэн. В.Путин өмнө нь шууд гал зогсоох явдлыг зөвшөөрөөгүй бөгөөд дайн гарах болсон үндсэн суурь шалтгаануудыг шийдвэрлэсний дараа энхийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Трамптай утсаар ярьсныхаа дараа энхийн хэлэлцээр байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулахад Украинтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мөн уг санамж бичгийг байгуулах ажил үргэлжилж байгаа ч үүнд тодорхой цаг хугацаа орох болно гээд, Оросын талаас гал зогсоох урьдчилсан нөхцөлийн жагсаалт бэлтгэж байгааг мэдээлсэн билээ.

Хэдийгээр ийнхүү Д.Трамп Путиныг дайнаа үргэлжлүүлэх сонирхолтой байгааг ойлгож мэдсэн боловч Цагаан ордны зүгээс одоогийн байдлаар гал зогсоох, энхийн хэлэлцээр байгуулахад чиглэсэн зуучлалын үүргээсээ хараахан татгалзаагүй хэвээрээ байна. Хэдийгээр АНУ-ын холбоотон түнш улс орнуудын бухимдал нэмэгдсээр байгаа ч Трампын засаг захиргаа ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ, Москваг шийтгэлгүй, нөхцөл байдлыг ажиж харсан байдалтай өдрүүд үргэлжилж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *