ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ОХУ-Украины хилийн дунд “аюулгүй байдлын хамгаалалтын бүс” байгуулах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Тэрээр пүрэв гарагт ОХУ-ын засгийн газрын гишүүдтэй дүрстэй холбогдон хийсэн хурлын үеэрээ Орос, Украины хилийн дагуу аюулгүй байдлын “буфер” буюу хамгаалалтын бүс байгуулах зарлиг тушаал гаргаснаа зарлан мэдэгдсэн байна.
Путин мөн хилийн дагуу хамгаалалтын бүс байгуулах асуудал дээр тус улсын зэвсэгт хүчин ажиллаж эхлээд байгааг мэдээлсэн ч хоёр улсын хоорондох буфер бүсийг хэзээ байгуулах тухай тодорхой товыг зарлаагүй байна.
Тэрээр мэдэгдэлдээ Оросын эсрэг дайтаж байгаа Украины зэвсэгт хүчин болон бусад улс орны хөлсний цэргүүдийн байлдааны арга техникийг “террорист” маягийн арга хэмээн тодорхойлжээ. Түүнчлэн Оросын хилийн орчмоор үзүүлж буй Украины зэвсэгт хүчний дайралтад өртөөд буй Курск, Белгород, Брянскийн оршин суугчдад нэмэлт дэмжлэг, туслалцлаа яаралтай шаардлагатай байгааг онцоллоо.
Харин энэ үеэр Украины ерөнхийлөгч В.Зеленский Оросын Курск болон Белгород мужид Украины зэвсэгт хүчин цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж, Украины Суми болон Харьков мужийг идэвхтэй хамгаалан тулалдаж байгаа талаар мэдээлжээ. Мөн тэрээр ОХУ-ыг “энэ дайныг зогсооход бэлэн биш” хэмээн хэлж, АНУ болон Европын улс орнуудыг Оросын эсрэг аюулгүй байдал, батлан хамгаалах салбар, эдийн засаг болон улс төрийн дарамт шахалт үзүүлэхэд хамтран ажиллахыг уриалсан байна.